Би мэргэжлийн багтай гар нийлж ажиллана

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм.  ЭХ-ний сайдаар Ц.Даваасүрэнг томилох асуудал хэлэлцэхэд гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд юу хийх вэ? Аймгуудын төв утаатай болоод эхэлсэн. Шөнийн цахилгааны тарифыг чөлөөлөх үү?

 

-Би мэргэжлийн багтай гар нийлж ажиллана, үүнийг ойлгоорой. ТЭЦ-уудын чиглэлээр тодорхой ажил хийнэ. Өмнөх төлөвлөсөн ажлуудыг үргэлжлүүлнэ. 10 аймагт Дулааны станц барина. Энэ нь утааг бууруулна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд тарифын асуудал бий. Зохистой харьцааг хангах хэрэгтэй. Оюутолгойн хувьд олон гишүүн хэллээ. Үүнд анхаарч ажиллана.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд нар салхины хангалттай нөөц байгаа гэж бодож байна. Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч зайлшгүй хэрэгтэй.

 

-Эрчим хүчний систем зогсолт хийвэл хамгийн аюултай. Өвөл 8 цаг доголдоход дулааны шугам хөлдөнө. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих ёстой. Хамгийн гол нь үнэ тарифын асуудлыг зохицуулах хэрэгтэй. Манайд янз бүрийн төсөл хөтөлбөр байдаг. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй биш. 1990 онд Эрчим хүчний хүрээлэнг татан буулгасан нь хамгийн буруу байсан. Бид яаж гадаад орны эрчим хүчтэй холбогдох вэ, яаж экспортлох вэ гэдэг бодлогоо гаргах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Монгол Улсын хэмжээнд нэг сум эрчим хүчний системд холбогдоогүй байгаа. Тэр нь Говь-Алтай аймгийн Алтай сум. Баруун бүсийн эрчим хүч, дулааныг сайжруулахгүй бол үйлдвэрлэл хөгжихгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Улаанбаатар хотын ирээдүйг бодож бэлэн болсон  V цахилгаан станцын төслөө онцгой анхаараарай. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах дээр дэлхий нийтээр онцгой анхаарч байгаа. Энэ чиглэлд төсөл, санхүү олдох боломж ч байдаг юм билээ. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэхэд анхаарах чиглэлээр зорилт дэвшүүлсэн байгаа.  Энэ чиглэлд анхаарч ажиллаарай.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Яамд байгаа мэргэжлийн хүмүүсийг ажиллуулаарай. Эгийн голын усан цахилгаан станцыг эсвэл барих эсвэл болих хэрэгтэй. Энэ чиглэлд үргүй зардал их цацсан юм билээ. Үүнтэй адил  V цахилгаан станц. Гарч ирсэн сайд бүр “эрчим хүч шахааны бизнес ихтэй байна” гэж яриад мартдаг.  Энэ жил гал алдах магадлалтай гэж сураг дуулсан. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ