Сураггүй болсон уулчид зөвшөөрөлгүй авиралт хийжээ

Шинээр бүрдсэн Улсын онцгой комиссын анхны хуралдаан өнөөдөр боллоо. Онцгой комиссын хуралдаанаар Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян эрэн хайх шуурхай ажлын хэсгийг ахалж буй бөгөөд шөнийн 00 цагт утсаар холбогдож эсэн мэнд гарсан 10 хүн болон сураггүй байгаа 17 хүний талаарх мэдээллийг өгсөн байна. Эрэн хайх ажиллагаанд нийт 70 албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр байгаль орчны улсын байцаагчийн хяналтын цэгт очоод буй аж. Уг цэг нь Отгонтэнгэр уулын бэлээс 12 км-ын зайтай, явганаар найман цаг алхаж хүрэх газар гэдгийг ОБЕГ-аас мэдээлж байна.
Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс 4008 м өндөртэй. Ууланд авиралт хийсэн хүмүүс оргилоос 50 м орчим газар гурван цуваа болон бууж явахад нь цасан нуранги үүсч, урд явж байсан хоёр бүлгийн 17 хүн сураггүй болоод байна.
Онцгой байдлын гурван албан хаагч таван уулчны хамт нөхцөл байдлыг мэдэх зорилгоор өглөөний 06.05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн байна. Эрэн хайх ажиллагаанд дахин нисдэг тэрэг болон шүхэрчин, аврагч, уулчин, холбогдох мэргэжлийн хүмүүс явуулах шаардлага байгаа аж.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: Ууланд авиралт хийсэн хүмүүс мэргэжлийнх үү? Зөвшөөрөл авсан уу?
ОБЕГ: -Уулын шүхэрчдийн холбооны үндэсний хорооноос зөвшөөрөл авах ёстой. Монголд 20-иод уулын спортын бүлэг байдаг юм байна. Үүнээс 10-аад нь энэ холбоонд харьяаллагддаг. Энэ удаагийн бүлэг уулын спортын мастер Сүрэнжав гэдэг хүнээр ахлуулан явж байсан. Энэ холбооноос зөвшөөрөл авалгүй явсан. Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн хориглосон үед авиралт хийсэн.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Отгонтэнгэр уулын өвөр хэсгийн байгаль хамгаалагч Ш.Батмэнд БОАЖ-ын сайдын тушаалыг танилцуулж, авиралт хийлгэхгүй гэж саатуулж, хонуулсан. Гэсэн ч тухайн хүмүүс 10 дугаар сарын 21-ний өдөр зөвшөөрөлгүйгээр өөрсдөө авиралт хийсэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ