Иргэний андгай өргөх ёслолд 850 хүүхэд оролцоно
2017-11-21

 

Монголын Залуучуудын Холбоо 15 дахь жилдээ “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг  Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын агентлагтай хамтран энэ сарын 26-ны өдөр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулна.

 

Иргэний андгай өргөх ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцож иргэний андгайгаа өргөх бөгөөд оролцож буй сурагчдад BE брэндийн мөнгөн дугаар, Гоо брэндийн гарын бэлэг, Монголын Үндэсний Музейтэй үнэ төлбөргүй танилцах зэрэг бэлгүүдийг ивээн тэтгэгч байгууллагууд бэлджээ.

 

Уг үйл ажиллагааны бас нэгэн уламжлал болсон зүйл бол энэ цаг үед амжилттай яваа, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхмүүдээс иргэний үнэмлэхээ гардаж авах байдаг юм. Энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Загвар өмсөгч, Яг түүн шиг шоуны оролцогчЭ.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэхийн гардуулж өгөх юм байна.

 

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг тоох соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байдаг. 

 

Shuud.mn
Сонин хачин