Лиценз цуцласны нөхөн олговорыг иргэдийн халааснаас авах нь хэнд ашигтай вэ
“Уул уурхайн салбарыг аварья” үндэсний хөдөлгөөны тэргүүн Б. Агваандондов тэргүүтэй мэргэжилтнүүд тус салбар дахь төрийн бодлого харалган байгааг хэлцгээж байна. Уул уурхайн салбар Монгол улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 гаруй хувь, ДНБ-ын 30 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Уг салбарт 47 мянга гаруй хүн ажиллаж, тэдгээрийн гэр бүлийн аж амьдралыг залгуулж байна. Улсын болон орон нутгийн татварт жилд 500 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг. Мөн батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд, хууль ёсны шаардлагыг биелүүлж ирсэн боловч, сүүлийн үед тус салбарын талаар иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлэн, байгаль орчныг хайр найргүй сүйтгэж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна гэж хэлж байсан.
Мөн МУ-ын эдийн засгийн аюулгүй байдалд, сөргөөр нөлөөлсөн 68 хувийн татвар нь хууль бусаар алт олборлох явдлыг дэмжиж , алтны урсгал хууль бус нууцаар, урд хөрш рүү чиглэсэн явдал буюу “Нинжа” нарыг өөгшүүлэн дэвэргэсэн явдал гэлээ. Олон улсын алтны зөвлөлийн 2009 оны судалгаанаас харвал нийт 154 улс орноос Монгол улс мөнгөжсөн алтны нөөцөөр 150 дугаарт оржээ. Угтаа бол Монгол улс дэлхийд хамгийн их алтны нөөцтэй 20 улсын тоонд ордог ч, алтнаас хүртэх өгөөжөө зүй зохистой хэмжээнд барьж чадахгүй байгаа аж.
Түүнчлэн, урт нэртэй хуулийн дагуу лицензүүдийг цэгцэлж байгаа. Гэхдээ хууль хэтэрхий туйлширч байгааг ч мэргэжилтнүүд хэлж байна. Засгийн газар нь нөхөн олговор олгох, тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбогдсон журмыг хэлэлцэж, нөхөн төлбөрийг Улсын төсвөөс гаргана. Харин цуцлагдах нийт тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөр нь ойролцоогоор 8-10 их наяд төгрөг төлнө. Уг нөхөн төлбөр нь дөрөв орчим их наяд боллоо гэхэд улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх юм. Тэгэхлээр “Уул уурхайн” салбарын хөрөнгө оруулалтыг үгүй болгох, нөгөө талаар иргэдийн “халааснаас” нөхөн төлбөрийг авах нь хэнд ашигтай байгаа юм бэ гэсэн асуудал үүсэж байна. Нөгөө талаар шороон ордын олборлолт бүрэн гүйцэд хийгдэхгүй бол орд газарт хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулж, алт олборлох болно. Тэр үед байгаль орчны нөхөн сэргээлтийг ярих ч, мөрөөдөх ч боломжгүй болох юм.
Сүүлийн үед цөлжилтийг “Уул уурхайн” компаниас болж байгаа юм шиг сэтгэгдлийг иргэдэд төрүүлж байна. Тэгвэл бэлчээрийн зохисгүй ашиглалтаас болж цөлжилт үүссэн нь дүгнэлтээр нотлогдсон. Энэ мэтчилэн “Уул уурхайн” салбар луу дайрсан олон асуудлаас болж дээрхь хөдөлгөөн байгууллагдсан гэж мэргэжилтнүүд хэлж байлаа.
О.Гэрэлтуяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ