Х.Од: Надад алуурчны бузар хэдэн төгрөг хэрэггүй

Х.Од: Би ээжийнхээ алтан амиар хохирсон хүн, надад алуурчны бузар хэдэн төгрөг хэрэггүй
2015 оны 8 дугаар сарын 16-нд Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт гэртээ ганцаараа амьдардаг, тэтгэвэрийн 70 настай З. гэх эмэгтэйг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, шунайхайн сэдэлтэйгээр амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг хоёр жил гаруйн өмнө гарч цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж 26 настай Б. гэгчийг саатуулж анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх нь хүчингүй болгожээ. Тус хэрэг нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Улсын Дээд Шүүхээр хэлэлцэгдэх гэж байгаа юм байна. Ингээд хохирогчийн охин БНГУ-д оршин суудаг Х.Од хуралдаа орох гээд өнөөдөр ирсэн бөгөөд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таны ээжийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн боловч Улсын Дээд Шүүхээр хянагдахаар болоод байгаа гэж сонслоо энэ талаар товч мэдээлэл өгөөч?
Өмнө уг хэргийн удаашралтай байгаад хууль хяналтын байгууллагыг шүүмжилж байсан. Гэтэл 2 жил гаруйн хугацаанд 3 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэрэг 2017 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн хурлаар шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож одоо л нэг шийдэгдлээ гэж бодтол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс үл ялиг шалтгаанаар дахин анхан шатны шүүхэд буцааж байгаа нь энгийн хүний хувьд Монгол Улсын хууль хяналтын байгууллага хэрэгтэнээ шийтгэх чадамжгүй болсон юм байна гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Ялангуяа цаанаа нөлөө бүхий хүнтэй төрөл садан бол хэргийг шийдүүлэхгүй хэдэн ч жил үргэлжлүүлж болдог юм байна, харин өөрсдөө гомдол гаргаж шийдвэрлүүлэхдээ хохирогчид нь ч мэдэгдэхгүйгээр гуравхан долоо хоногийн дотор шийдвэрлүүлж чаддаг юм байна гэдгийг л сайн ойлголоо. Монгол Улсын хууль, хяналтын байгууллагуудад гомдож, өмнөөс нь харамсаж байна.
Нөлөө бүхий хүнтэй төрөл садан гэдгийг тодруулаач?
Шүүгчдэгч нь Монголын томоохон бизнесмэнүүдийн нэгтэй төрөл садангийн холбоотой гэж сонссон. Хэрэг шийдэгдэхгүй байгаа нь надад маш хэцүү байна. Германаас наашаа ирж очих онгоцны тийзний зардлаасаа эхлээд хүнд байна. Нэг удаагийн зардал 2.3 сая байдаг. Сүүлдээ миний энэ хүндрэлтэй байдлыг эсрэг талынхан мэдэж зориуд хэргийг удаашруулж намайг няцаах гэж оролдож байна гэж үзэхэд хүрч байна. Германд хэрэв ийм байдал үүссэн бол хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг гэрийн хаягаар илгээдэг. Гэтэл маш олон удаа Германаас ирсэн өнөөдрийг хүртэлх хоёр жил гаруйн хугацаанд хэрэгтэй холбоотой нэг ширхэг ч цаас өөр дээрээ аваагүй байна. Хамгийн сүүлд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын товыг ч мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж ийм шийдвэр гаргасан байгаа. Тэгэхээр хууль хяналтын байгууллага яаж ажиллаж байгаа нь ойлгомжтой хохирогчийг бус ялтаныг хамгаалж байна гэж үзэхээс өөр аргагүйд хүрээд байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг яагаад буцаасан юм бол?
Би хурал хэзээ, хаана болсныг ч мэдээгүй тэгээд энд ирээд өөрөө гүйж байгаад Улсын Дээд шүүхээс хэдэн хуудас цаас олж аваад харсан. Гэтэл тэнд шүүгдэгч Монгол хэл мэддэг гэдэг нь хангалттай нотлогдож байгаач орчуулагчтай оруулсаар байтал өөрийнх нь орчуулагч нь ороогүй, сүүлд миний мэдүүлэгтээ дурьдаж алга болсон нэг бөгжийг би олсон нэхэмжлэхгүй гэдгээ хэлсэн байдаг ч тэр асуудлыг оруулсан, гэрчүүд зөвхөн он сар санахгүй байгаа тухай мэдүүлэг өгсөнийг зөрүүтэй мэдүүлэг байна гэж, мөн алга болсон гэх таблетын загвар маркыг өөрөөс нь тодруулах шаардлагатай зэрэг 2 жил гаруйн хугацаанд 3 удаа нэмэлт мөрдөн байцаалт явуулсан хэргийг ямар ч шаардлагагүй, өмнө нь хангалттай нотлогдсон асуудлаар дахин буцаахаар шийдсэн нь өөрийн эрхгүй хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр хэдэн ч жил явуулж болох юм байна гэдэг ойлголтыг авахад хүргэж байна.
Та Монгол Улсын хуулийн байгууллагад хандаж юу хэлмээр байна?
Надад Монгол Улсын шүүхэд хандаж хэлэх ганцхан л үг байна “би ээжийнхээ алтан амиар хохирсон хүн, хүний амь тэр тусмаа төрсөн ээжийнхээ амийг мөнгөөр хэмжихгүй, надад алуурчны бузар хэдэн төгрөг хэрэггүй” гэтэл яагаад зүгээр ялын өгөөд явуулчихгүй, хохирсон дээр минь дахин хохироож залхаан цээрлүүлэх маягтай ажиллаад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Олон Улсад бол Шүүх захиргааны гэхээсээ илүү үйлчилгээний байгууллага гэдэг ойлголт давамгай байдаг. Иймд Монгол Улсын Дээд шүүх эрх биш ээжийнхээ хэргийн үнэн мөнийг тогтоолгохын төлөө шантрахгүй явж байгаа энгийн иргэний итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй гэж итгэж байна.
Хэдий Монгол Улсын хуулийн байгууллагууд нь яаж ажиллаад байгаа юм бэ? гэдэгт эргэлзэж байгаач өнөөдрийг хүртэл явж ирсэн итгэл найдвараа алдахгүйн тулд шүүх хуралдаа орох гээд өнөөдөр эх орондоо ирлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ