Оффшор бүс дэх Оффшоргүй монголчууд

Европын Холбоо бол аливаа мэдээллийг маш бодит судалгаагаар хардаг ба харьцуулдаг. Тэд өөрсдийн бүс улсын сүлжээн дэх бизнес үйл ажиллагаанд татварын туйлын нээлттэй шилэн байхыг гол шалгуурт тавина. Үүнд мэдээж манай татварын боолхой өртсөн байж таарна. Өндөр татвартай, өндийх аргагүй олон хураамж татаас дор бизнес хийдэг улсаас оффшорт тоймгүй их мөнгө гараад явчихсан байдаг. Энэ их хэмжээний мөнгө нь ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт нэрээр эргээд угаагдаж байгааг гадныхан ажиглаад байгаа.
Нийт дүнгээрээ 23 тэрбум хүрэх ам.долларын бонд зээлийн өртэй, түүнийхээ хүүг зээлээр төлж буй Монголоос оффшорт 7 тэрбум төгрөг татваргүй эргэлдэж байсан бол сүүлд 31 их наяд байх магадлалтай болж өсч байгаа юм. Туйлын хүнд эдийн засагтай, дефолт зарлах шахуу байгаа ядуучууд олонтой Монголоос тодрох оффшорчдын тоо ийнхүү үржсээр байх нь Европын Холбооны анхааралд орчихож. Ингээд танайх татвараас бултдаг, далд сүлжээтэй байна гэсэн сануулгаа Европын холбоо шат ахиулж, хар жагсаалтад Монголыг оруулж, дэлхийд таниулаад өглөө.
Их хэмжээний орлогоо нууж, татвараас бултдаг систем Монголд байна гэж үзсэн учир Европын Холбоо ийм арга хэмжээ авсныг бид нэг мөр ойлгох ёстой байх. Энэ байдлаа залруул, татвараа шилэн болго гэсэнтэй адил. Тэрнээс бүх худалдаа гарцыг нь Европт нь хаалаа, Монголд хөрөнгө оруулалтаа таг зогсоо гэж зарлаагүй. Товчдоо энгийн үзүүлэлтээр харахад өндөр татвартай, уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай улсаас бодит харьцаанаас давсан их хэмжээний мөнгө гарч, татваргүй оффшор бүсэд Монголоор овоглосон тэрбумтнууд нэмэгдсээр байгаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулсан хэрэг. Татварын систем нь но- той байх нь гаднын хөрөнгө оруулагч нарт ч эрсдэлтэй гэж үздэг. Манайх шиг шударга бус тогтолцоо аархсан улсад татварын хаалттай байдлыг ашиглан хөрөнгө оруулагчдад хуурамч таатай нөхцөл амлах. Татвараас бултуулан гаргасан мөнгөө эргэлтэд оруулан угаахад ашиглаж болох эрсдэл өндөр байгааг ч бизнесийн хүрээнийхэндээ сануулсан жагсаалт.
Улс төрчид төдийгүй улс хотлоороо баян байвал байхаар давуу тал Монголд байгааг гадныхан судлаад гаргачихсан байгаа. Харин утаа, зээл өр төлбөр, бондын хүү ярьж суугаа бидэнд энэ мэдээллийг “рефрэш” хийгээд өгчих төр олон нийтийн бие даасан, хараат бус байгууллага үнэндээ хомс байна.
Erns & Youmg” санхүүгийн компаниас Монголын 15-хан эрдэс баялгийн түүхий эдэд саяхан аудит хийсэн байдаг. Энэ нь нөөцөөрөө дэлхийд хамгийн баялаг түүхий эд гэдэг тодотголтой. Үүнд Монголд 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэр нэрлэгдэж байна. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4,1, мөнгө 2 тэрбум ам.доллар хүрнэ гээд явж өгнө. Олон улсын судлаачид Монголын нийт нөөцийг, эдийн засагчид дунджаар 1,3 их наяд ам.доллар хэмээн үнэлжээ.
Үүнийхээ дээжийг хэн хэрхэн мөнгө болгож баялгийн өрмийг ямар бүлэг илүү цохиж байгааг бас амархан харж болно. Одоогоор манай оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 шахам илрэл бүртгэгдсэн байна. Энэ баялаг ардчиллаар овоглосон сүүлийн 20-30 жилийн хугацаанд л эргэлтэд оржээ. Хэн эргэлдүүлсэнийг одоогийн оффшорт тодорсон нэрсийн жагсаалтаас харчихаж болно. Толгой эргэмээр олон “майнин лимитэд” гэсэн зүүлттэй компаниуд байгаа. Эзэд нь бараг бүгд улс төрийн хүрээнийхэн ба тэдний хамааралтангууд.
Өнөөдөр Монголын экспортын 94 хувийг уул уурхай дангаар эзэлж байна. Дээр дурьдсан 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэрийнхээ багахан хувийг эргэлтэнд оруулсан ч Монголын 3 сая хүнд хангалттай гэж харахаар. Гэтэл иргэдийнх нь 40 хувь нь ядууралтай байна. Сүүлд НҮБ -ын тооцоолсоноор бол Монголчуудын дөнгөж 0,28 хувь нь баян, харин 63 хувь нь ядуу. Гэтэл ямарч бизнес баялаг бүтээсэн түүх намтаргүй валютын тэрбумтан 36, төгрөгийн тэрбумтан хэдэн зуугаар тоологдох болсон байна. Ингэхээр эдийн засагт дунджаар 1,3 их наяд ам.доллараар үнэлэгдэх их баялагийг хэн лиценц нэрээр завшиж “ногооны саятан” болгоод байгааг хол хайх хэрэггүй. Ийм улс оффшор бүст зарлагдсандаа эмзэглэх ч хэрэггүй.
Тун хүнд хязгаарлагдмал эдийн засгаас асар их хэмжээний мөнгийг гадагшлуулаад, татвараас бүлтуулаад байгаа монголчуудын энэ хачин дүр зургийг бодит хөрсөн дээр нь судалсан Европын холбоо Монголыг оффшор бүст зарлалаа. Харин манай улстөрчид “бид оффшоргүй” гэж гүрийсээр байгаа. Улаан цайм баригдсан нь оффшорт жоохон мөнгө хийгээд мартсан ба зарим нь ухаараад татсан гэж мэлзэж байгаа. Хамгийн гол нь оффшор бүст байгаа ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар гэж буй их мөнгө Монголын татварын системийн хаагуур нь бултаад гараад явчихсан нь гол асуулт. Энэ систем, тогтолцооныхоо но-г засч залруул гэж Европын холбоо биднийг оффшор бүс, хар жагсаалтад зарлаад байна.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
СЭТГЭГДЭЛ БИЧИХ