Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа

Сахил хүртээд шал дордов гэгчээр сайд нар очоод таг түгжирчээ, Гашуунсухайтын зам. Өмнө нь сайд ирэх сургаар Монгол, Хятадын гаалийнхан нийлж, тээврийн машинуудыг хил рүү татах эсвэл уурхай дээр хорих нэг удаагийн гал унтраах арга хэмжээ авдаг байсан бол энэ удаа тийм ч сөхөө байгаагүй бололтой. Нэг удаагийн ч болтугай завшааныг ашиглахыг хүссэн жолооч нар “татах нь уу” гэж утас, цахимаар биенээсээ сурагласаар, сайдыг үдсэн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар дарга нараа дагуулан, Тавантолгойд очоод нүүрс тээврийг зохицуулах аргыг олсон. Тэр нь уртын урт буюу Тавантолгойн уурхайгаас Ганц модны боомт хүртэл явдаг байсан тээврийг зогсоож, богино болгох тухай. Өөрөөр хэлбэл Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн бүсэд нүүрсийг буулгаж, тэндээс Гашуунсухайтын боомтоор гаргах тухай тогтоол Засгийн газраас гарч, хэрэгжүүлэхийг сайд, дарга нар үүрэг болгосон. Гэвч Засгийн газрын энэ тогтоол хэрэгжсэнгүй. Тавантолгойн нүүрс тээврийг зохицуулах тухай Засгийн газрын тогтоол өнгөрсөн 11 дүгээр сарын 29-нд гарснаас хойш 10 гаруй хоног өнгөрч байна. Гэтэл өнөөдөр Гашуунсухайтыг чиглэсэн зам дээр 120 км урт түгжрэл үүсээд байна. Төрийн зохицуулалтаар бол энэ түгжрэл үгүй болж, нүүрс тээвэр хэвийн үргэлжлэх ёстой. Гэвч бодит байдал дээр шал дордож, -20 хэмийн хүйтэнд жолооч нар кабиндаа 14-15 хонож, зам дээр зогсч байна.
Тэгвэл буруутан нь хэн бэ, төрийн шийдвэр яагаад газар дээрээ хэрэгжихгүй байна вэ?! Асуудлын гол нь төрийн байгууллага болох Гашуунсухайтын гаалийн газар, төрийн өмчит компани Эрдэнэс Тавантолгойд байна. Засгийн газрын тогтоол төрийн өмчийн энэ байгууллагуудад хамгийн их хамаатай ч цаас төдийхнөөр харж, базаад хаяцан бололтой. Төрийн ажлыг нэг удаагийн пиар төдийгөөр “хийж” ирсэн дарга нартай шууд холбоотой. Өмнөговь дахь гаалийн газрын эрхтэн дархтнууд Засгийн газрын тогтоолыг үл тоож, одоо ч уртын урт гэх тээврийг явуулсаар байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас уртын урт тээврийг зогсоохыг даалгасан ч гаалийнхан явуулсаар байгаа нь өвлийн хүйтэнд нөхцөл байдал улам хүндрэхэд хүргэжээ.
Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой нүүрсээ уурхайн аман дээрээс ачуулдаг учраас тээврийн хариуцлага огт хүлээдэггүй, даатгал, татвараа ч төлдөггүй. Дээр нь хууль зөрчдөг Хятад, Монгол компаниудаар нүүрс тээвэрлүүлж, нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг талаар сайд нар ярьж, анхааруулж байсан. Гэтэл өнөөдөр ч гаалийн газар, төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани зэрэг төрийн хүнд сурталт байгууллагуудын гайгаар Гашуунсухайтад бодит зохицуулалт хэрэгжихгүй байна. Бүр Эрдэнэс Тавантолгой болон тээвэр хийдэг Хятад компанийнхан уртын урт явуулахын тулд гаалийнханд хахууль өгч, хууль зөрчиж буйг ч жолооч нар хэлж байна. Товчхондоо Гашуунсухайтын гааль гэх төрийн байгууллага, төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойд давуу эрх олгож, Засгийн газрын тогтоолыг уландаа гишгэлжээ.
Эрдэнэс Тавантолгойн эрх мэдэлтэй нэгэн эрхэм уурхайг түр хааж, замын зохицуулалт хийх тухай тээврийн компанийн эзнийн гаргасан саналд “төрийн эсрэг ажилласан хэрэгт унана” хэмээн их л дуулгавартай хандаж байсан. Харин энэ удаа Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа нь жинхэнэ төрийн эсрэг ажиллагаа гэдгийг эрхэм дарга мэдэж байгаа ч мэдэхгүй мэт царайлж буй нь харамсалтай.
11 дүгээр сараас хойш коксжих нүүрсний үнэ 40 ам.доллароор нэмэгдэж, эргээд 220 ам.доллар руу тэмүүлж байна. Нүүрстэй орнуудын хувьд эдийн засгаа тэтгэх том боломж гэсэн үг. Монгол Улсын хувьд өрнөөсөө салах боломжит цаг хугацаа. Гэтэл манай улсын нүүрс Гашуунсухайтын зам дээр түгжирч, 14 хоногийг зогсч өнгөрөөж байна. Экспортын орлого зүүд зэрэглээ болон сарниж ч магадгүй нь, энэ янзаараа.
Экспортын төмөр замгүйн нэг зовлон. Дээр нь төрийн шийдвэр, бодит зохицуулалт газар дээрээ хэрэгждэггүй гачлант бас нэг зовлон. Гааль, хяналтын байгууллагын хайхрамжгүй байдал, төрийн дунд түвшний дарга нарын том толгой хэдийг хүртэл данхайхыг хэлэх боломжгүй нь. Засгийн газар шийдвэрээ гаргасан, тэрийг хэрэгжүүлэх ёстой гаалийн байгууллага, төрийн өмчит компани хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, төрийн эсрэг ажилладаггүй л баймаар. Жолооч нар кабиндаа амьдарч, Гашуунсухайтын очер 100, 100 км-аар үргэлжилж л байг уу?!
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ