Зээл олголтыг нэмэгдүүлснээр зээлийн хүү бодитой буурна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ төсөлд УИХ-ын эрхийг хөндсөн хэд хэдэн заалт оруулжээ. Тухайлбал, Улсын төсвийн хэлэлцүүлэгт гишүүдийн саналыг тусгахыг хязгаарлах зэрэг. Энэ нь олонхийн дэмжлэгийг авах болох уу? УИХ-ын гишүүд эрхээ хасуулах дургүй байдаг.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг олон нийт, эрдэмтэн судлаачдыг хамруулан өрнөж байна. Хэд хэдэн өөрчлөлтийн арга хэмжээ авч байгаа. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа яаран хийх биш, олон талаас нь авч үзэж, сонсож байна. Энэ утгаараа олон үе шаттай арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн хавар Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд иргэдийн оролцоотой санал авсан. Одоо бид эрдэмтэн, ялангуяа хууль, эрхзүйн мэргэжилтнүүдээс санал авч байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд УИХ-ын гишүүн өөрийнхөө эрхийг хязгаарлах хэд хэдэн заалт оруулж өгсөн. Юун түрүүн УИХ-ын ирцийг хувийг өндөрсгөх асуудал ярьж байгаа. Мөн зарим томилгоонд хязгаарлалт хийж байна. Тухайлбал, Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын гишүүдээ томилдог байх. Ерөнхий сайдад энэ эрхийг бүрэн өгье гэж байна. Мөн улсын төсвийг хэлэлцэх үед зарлага нэмэгдүүлэх саналыг Засгийн газартай зөвшилцсөн байхаар тусгаж байна. Улсын төсөвт улс орны томоохон асуудлыг ярихаас илүүтэй тойрог, сум, багийн төсвийг суутгаж байгаа. Энэ нь өргөөд төсөв, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны, Засгийн газрын бодлоготой зөрчилдөхөд хүрдэг. Тийм учраас төсөв хэлэлцэхэд УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарлая. Хэрвээ зарлага нэмэгдүүлэх санал гаргаж байгаа бол Засгийн газраас зөвшөөрөл авдаг байх хэрэгтэй. Ингэхгүйгээр байнгын хорооны гишүүдийн дэмжлэг аваад төсвийн зарлага нэмэгдүүлчихдэг. Энэ нь эргээд төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, үзүүлэлт буурдаг сөрөг байдал үргэлжилсээр ирсэн.
Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн зарим чиг үүргийг хязгаарлаж байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим чиг үүрэг давхарддаг. Зөвхөн Ерөнхийлөгчийн чиг үүргийг тусгайлан 90 гаруй хууль заагаад өгчихсөн байх жишээтэй. Ерөнхийлөгч санамсаргүй болон санаатай маш олон чиг үүрэг авдаг, оролцдог. Тийм учраас Үндсэн хуульд заасан чиг үүргээр нь ажиллуулах нь зүйтэй. Цаашдаа бид төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгоно. Ингэхгүй бол Монгол Улс парламентын засаглалтай ч юм шиг эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай ч шиг болоод байна. Шийдвэр гаргадаг процесс ч удаашралтай байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах, зарим томилгооны эрхийг хасах санал тусгасан. Магадгүй Ерөнхийлөгчийг сонгодог хэлбэрээр нь ард түмнээс биш парламентаас сонгодог байхаар асуудал ч яригдаж байгаа.
-УИХ банкны багц хуулийг хэлэлцэж байна. Иргэдийн зүгээс зээлийн хүүг багасах эсэхэд хүлээлт байна. Зээлийн хүү буурлаа гэхэд банкны шалгуур бас өндөрсөх үү?
-Арилжааны банкуудын зээлийн хүү буурахад зөвхөн хууль батлагдсанаар зохицуулагдахгүй. Хуулийн хязгаарлалтыг зах зээлийн харилцаанд нийцүүлж, захиргааны тодорхой шахалт үзүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Ер нь банкны зээлийн хүү өөрөө валютын урсгал, ирэдийн амьжиргаа, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалтын гээд олон хүчин зүйлтэй холбоотой. Зээлийн хүү буурвал хадгаламжийн хүү буурна. Монголын ерөнхий эдийн засгийн байдалтай сайжирч байж банкны зээлийн хүү буурна. Банкны зээлийн хүүг бууруулах чиглэлээр бид олон талын арга хэмжээ авч байна. Тухайлбал, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад байна. Төсөвт төр арилжааны банкуудаас зээл авахаа зогсоож байна. 2018 оны төсвийнг батлахдаа алдагдлыг багасгах, төсвийн алдагдлыг нөхөхийн тулд гаднаас хүү багатай, шинэ эх үүсвэр оруулах, дотоодын арилжааны банкнуудаас зээл авахгүй байх гэсэн зарчим барьсан. Ингэснээр арилжааны банкууд иргэд, бизнес эрхлэгчдэд зээл олгож эхэлнэ. Зээл олголтыг нэмэгдүүлснээр зээлийн хүү бодитой буурна.
-Б.Хурцын томилгоотой холбоотой УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Элчин сайдын томилгооны асуудал УИХ гэхээсээ Ерөнхийлөгчийн мэдлийнх юм. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх байдлаар оруулж ирж байгаа. Тэгэхээр УИХ бол дэмжих эсэхийг л шийднэ. Үндсэн хуулиар яривал энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй ярих хэрэгтэй.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ. Элчин сайдыг хэлэлцэх асуудал нээлттэй хэлэлцүүлгээр явагддаг. Тиймээс УИХ хаалттай хуралдсан нь хуулийн зөрчилтэй үүсгэсэн үү?
-Ерөнхийлөгч энэ хүнийг УИХ-д оруулж ирсэн. Энэ удаа Элчин сайдаар томилогдсон хүн бол өөрөө Монгол Улсын тусгай хүчний байгууллагад олон жил ажилласан. Энэ хүний өмнө нь хийж байсан ажил албатай холбогдуулан хаалттай хурал хийх саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргасан. Тиймээс санал хураалт явуулж, хаалттай дэгээр хэлэлцсэн. Энэ нь УИХ-ын Дэгийн тухай болоод аль нэг хууль тогтоолын зөрчилтэй тулгарахгүй. Цаашдаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст ажил, албан тушаалтай нь холбоотой асуудал үүсэхэд хаалттай хэлэлцүүлж болох зохицуулалт хийх хэрэгтэй юм байна.
-УИХ бүрэн эрхээрээ ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар асуудлыг шийдсэн бэ? Эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талд олон нийтийн хүлээлт байна.
-Энэ удаагийн парламентын түвшинд бид чуулган болгон дээр тодорхой асуудлыг шийдэж байна. Өнгөрсөн чуулганаар хуулийн шинэтгэлийн хүрээнд хэлэлцэгдэж байсан хуулиудыг парламентаас бүрэн цэгцэлсэн. Тухайлбал, Эрүүгийн, Зөрчлийн, Захиргааны хууль зэрэг. Монгол Улсад хуулийн салбарын шинэтгэлийн асуудлыг шийдсэн. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой байгууллага, хуулийг мөн шинэчилсэн. Энэ удаагийн намрын чуулганаар банк, санхүү, мал аж ахуйтай холбоотой багц хуулийг хэлэлцэн, баталж байна. Салбарын багц хуулиудыг хооронд нь уялдуулан батлахаар ажиллаж байна.
Мөн төсөвтэй холбоотой санхүүгийн шинэчлэл хийж байна. Монгол Улсын валютын нөөц шавхагдсан, олон улсад дампуурлаа зарлахад бэлэн улсыг 2016 оны УИХ-ын сонгуулиар бид хүлээж авсан. Тиймээс парламент өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төсвийн асуудлыг 10 удаа хэлэлцэж, хамтын ажиллагаатай орнуудтай харилцаж, нааштай шийдэлд хүрлээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байсан эргээд дээш гарсан байна. Зарим салбарт өсөлт гарч байна. 2018 ондоо багтаад эдийн засаг хэвийн байдалдаа орох болов уу гэсэн хүлээлт байна. Тухайлбал, эдийн засгийн өсөлт нэг оронтой тоо руу, 0 хувьтай гарч байсан бол өнөөдөр 5.2 хувийн өсөлттэй байна. Валютын нөөц 2.5 тэрбумд хүрч, хоёр дахин нэмэгдүүлж чадлаа. Гадаадын Чингис бонд, Чалко-гийн өр, зээлийн төлбөрийг хийсэн. Олон улсын эдийн засгийн салбарт дампуурлаа зарлаж магадгүй орны байдлаас зайлсхийж чадсан. Одоо бид эдийн засгийн өсөлтийг хангаж, жилийн 8 хувийн өсөлттэй тогтвортой эдийн засгийг бий болгох талд ажиллана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ