Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, уурхайчид хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, экспортын 86 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүнчлэн тус салбарт 46579, эрчим хүчний салбарт 16 мянган хүн ажилладаг. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлснээр уул уурхайн салбарынхны 80 хувь нь буюу 37256 эрчим хүчний салбарынхны 46 хувь нь буюу 7360 хүний орлого буурах юм байна.
Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг уурхайчдын тэтгэврийн насыг таван жилээр уртасган хэвийн нөхцөлтэй адилтгасан. Гэтэл хүнд нөхцөлд ажилласныхаа төлөө авч буй цалинд нь илүү татвар ногдуулж байгаад эрчим хүч, уул уурхайн салбарын ажилтнууд бухимдалтай байна.
“Эрдэнэс тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга хурлын эхэнд “Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд татвар нэмэх бус зээл тусламж, бонд гаргах, мөнгө хэвлэх зэрэг аргууд байсаар байтал дундаж давхарга буюу уул уурхайн салбарынхны татварыг яагаад нэмж байгаа юм бэ" хэмээн онцлов. Татвар нэмэхээс өөр оновчтой шийдвэр байсаар байтал ийм шийдвэр гаргасанд бухимдалтай байгаагаа тэд илэрхийллээ.
Харин МҮЭ энэ асуудал Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд шийдэх асуудал учраас зөвшилцөж чадахгүй бол хамтын маргаан үүсгэх боломжтой гэв.
“Оюутолгой” компанийн ҮЭ-ын дарга Баярмаа "Шаталсан татварын системийг дэлхийн олон улс хэрэглэдэг ч ганц бие болон өрхийн гэж ялгаварлан оногдуулдаг. Гэтэл эрх баригчид татварын шаталсан шинэ системийг оруулж ирэхдээ үүнийг яагаад гээгдүүлсэн юм бэ. Дэлхийн жишиг юм бол түүнийг нь мөрдөх хэрэгтэй шүү дээ. Манай уурхайчдын хувьд жилийн найман сард нь хөдөө хээр, гэрээсээ хол ажилладаг. Ар гэр нь ажил хийх боломжгүй байдаг. Эрх баригчид хууль ёсны нэмэгдлээс нь дээрэм хийж байгаагаас ялгаагүй. Тайлбар хийхдээ найман хувь гэж хэлж байгаа ч бүхэл бүтэн нэг салбарыг хамарсан шийдвэр гэдгийг онцолж хэлмээр байна. ОУВС-ын шаардлагаар ийнхүү нэмсэн гэсэн тайлбарыг өгч байгаа хэдий ч татварын бааз сууриа өөрчлөхийг зөвлөсөн гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Мөн ийнхүү татварыг нэмсэн хэдий ч түүний зарцуулалт нь тодорхойгүй байна. Татвар нэмэгдлээ гээд эргээд өгөх үр өгөөж нь ч харагдахгүй байгааг онцлох хэрэгтэй" гэлээ.
Түүнчлэн 2018 оноос мөрдөгдөх хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг эсэргүүцэн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбоо Засгийн газарт шаардлага хүргүүлэх юм байна.
Уурхайчдын дундаж цалин 2.3 сая төгрөг гэж Үндэсний статистикийн хороо мэдэгджээ. Энэ нь үндсэн цалин дээр хээрийн, хүнд нөхцөл, шөнө ажилласан зэрэг нэмэгдлийг нэмсэн дүн гэнэ. Мөн энэ нь нэг хүний бус нэг өрхийн цалин болдог учраас татварын нэмэгдлийг цуцлахыг шаардаж байгаа аж.
М.Дөлгөөн
Уншиж байна |