Гэр хорооллыг дэд бүтцээр хангаж, барилгажуулах орчныг сайжруулна

“Утаагүй Улаанбаатар” хэлэлцүүлэг “Blue Sky” зочид буудалд боллоо. "Bloomberg TV Mongolia" телевизийн 2018 оны форум "Утаагүй Улаанбаатар" сэдвээр эхэлж байгаа юм. Хэлэлцүүлэгт холбогдох албаны хүмүүс оролцлоо.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-Бид нийслэлээ тордолгүй 20-иод жил болжээ. Нийслэл нэг бол эрх мэдэлтэй юм шиг, эсвэл эрх мэдэлгүй ч юм шиг. Аль хэсэгтээ хот, аль хэсэг нь манай яам ажиллах вэ гэдгийг төлөвлөөд явж байна. Бидний дунд үл ойлголцол үүсээд байдаг. Өмнө нь өөр байсан, одоо дахиад өөр болж байна гэдэг. Гаднын зээл хөтөлбөрүүд хоёр жилийн дотор шийд нь гардаг. Бид хоёр жилийг нь хүлээж чадахгүйгээр дунд нь өөрчилдөг. Наад захын жишээ нь, Австрийн Засгийн газраас хоёр жилийн дараа төсөл хэрэгжүүлэхээр хүрээд иртэл газрыг нь хуваагаад таллачихсан байдаг.
Хэрэгжүүлж байгаа технологи дээр нэг стандарт барих хэрэгтэй. Гэр хороололд байгаа орон сууц дулааны алдагдал ихтэй байгаа. Тиймээс дагалдан хэрэглээ өсч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой Амгалан станцыг өндөр өртөгтэй барьсан. Гэтэл тэнд барилга барих барилгын компани ажлаа хийгээгүй. Тиймээс Засгийн газар дээр ажлын хэсэг бариад явна. Орон сууц бол бид зайлшгүй барих асуудал.
Нийслэлийн Засаг даргын орлогч Х.Баярхүү:
-Газар чөлөөлөлт хангалтгүй байна. Өнгөрөгч онд энэ ажилд 7 тэрбумыг зарцуулсан бол энэ жил 15 тэрбумыг зарцуулна. Өөрийн өртгөөс давсан газар чөлөөлөлт хийж байна. Улаанбаатар бүтээн байгуулалт хийх мөнгөөрөө газраа чөлөөлдөг. Гэр хорооллыг дэмжих төсөл явагдаж байгаа. Найман дэд төвийг байгуулсан. Дэнжийн мянга, Дамбад дэд төв байгуулж 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Дэд бүтцээр хангах барилгажуулах орчныг сайжруулна. Энэ ажлаар гэр хорооллын хөгжлийг авчирна. Чингэлтэй дүүргийнх 4 дүгээр сард эхэлнэ. БОАЖЯ, БХБЯ-тай хамтран хэрэгжүүлнэ.
Доктор П.Хашчулуун:
-Орон сууцжуулахад төсвийн мөнгөнд найдах хэрэггүй. Хувийн хэвшлийн барилгын компаниудын оролцоотойгоор шийдэх нь чухал. Гандан, Телевиз орчмыг орон сууцжуулах шаардлагатай байна. Төрөөс татвараас чөлөөлөх, орон сууц худалдан авахад боломж бүрдүүлэх нь чухал. Дараагийн ээлжинд мэргэжлийн компаниудтай төр ажиллах ёстой. Захиалгаар ажиллаад гэрээгээр хийх хэрэгтэй.
Оролцогч н.Бум-Ялагч:
-Гэр хорооллыг Бээжинд цахилгаанаар халааж байна. Гэтэл та нар хийж чадахгүй байна. Та нар эрчим хүчээ барь. Та нар хийж чадахгүй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын нүүрс ураны хольцтой. Яахаараа бид сонсож суух ёстой юм. Хийж чадахгүй бол зайлах хэрэгтэй.
Хэлэлцүүлэгт оролцогчид “Гэр хорооллын утааг бууруулах нь барилгажуулж, оронсууцжуулах асуудал. Энэ бүх төсөл хөтөлбөрийг нэг зохион байгуулалт, нэг бодлогод оруулах ёстой юм. Нэгэнт бий болсон эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадалдаа тулгуурах хэрэгтэй” гэдэг дээр санал нэгдэж байсан юм. МИК, ТОСК бусад олон улсын байгууллагын хөтөлбөрүүдийг ерөнхийд нь уялдуулж хийх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ