Монголчуудын давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.5 дахин их

Өнөөдөр ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд МХЕГ, НЗАА-ны ХХҮ-ний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, нийслэлд хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүд зэрэг 150 хүн оролцов.
Тус уулзалтаар Давсны хэрэглээг бууруулах стратеги (Монголчуудын давсны хэрэглээ), Халдварт бус өвчний асуудлаарх ДЭМБ-ын бодлого, стратеги, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний удирдамж, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд оролцогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, Бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулсан туршилтын үр дүнг танилцуулсан юм.
Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.5 дахин өндөр (11,5 гр) байгаа. Түүнчлэн түүнээс шалтгаалсан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна.
ХХААХҮЯ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг энэ оноос хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм байна.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ