Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны арваннэгдүгээр сарын эцэст 34.1 мянган иргэн ажил хайж бүртгүүлжээ. Тэдний 24.1 мянга нь буюу 70.7 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд байсан бол 10.0 мянга буюу 29.3 хувь нь ажилтай боловч өөр ажил хайсан иргэн байжээ.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.3 мянган хүнээр өссөн байх юм. Мөн ажилгүй иргэдийн 44.4 хувийг бүрэн дунд, 34.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.5 хувийг суурь, 5.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор боловсролтой иргэд эзэлж байна.
Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.3 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Увс, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дундговь, Төв, Архангай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Булган, Өвөрхангай, Улаанбаатар хотод улсын дунджаас 0.3-15.2 пунктээр илүү байна.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ