
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлуудыг шийдэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр дээрх хуулийн төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүлсэн.
Үүний дараа гишүүд, Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж нэлээд маргалдсаны эцэст мөн л хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдэж чадсан юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар ахмад настнуудын тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, 1995 оноос хойно ажилласан хугацаагаараа тэтгэврээ тогтоолгосон адил хугацаанд ажиллан, адил шимтгэл төлж, адил ажил мэргэжил эзэмшиж тэтгэврээ тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн хэмжээ, ялгаа арилах юм байна.
Түүнчлэн Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх болоход УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, бид ирэх оны төсвөө баталчихсан, нийгмийн халамжийн чиглэлээр нийтдээ 7 төрлийн халамжийг иргэддээ үзүүлж байгаа. Сонгуулиас өмнө, үлдсэн 6 сарын хугацаанд халамжийн бодлого гал алдчих хэмжээнд хүрэхгүй байхаар байна. Тиймээс сонгуулийн жилтэй холбогдуулаад энэ чуулганы хугацаанд халамжийн чиглэлийн хуулиудийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаагаа хэлээд УИХ-ын даргаас уг асуудлуудаар завсарлага хүсэв. Шинэ оны анхны хуралдаанаараа АН-ын бүлгийн гишүүд энэ удаагийн УИХ-аар дахин халамжийн чиглэлийн хууль батлахгүй байхаар шийд гаргасан билээ. Энэ нь ирэх сонгуулийн дүнд нөлөөлнө гэж үзэж байгаа юм.
Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ, энэ асуудлаар 2 намын бүлэг сайтар ярилцмаар байна. Ард иргэддээ үзүүлэх нийгмийн халамжийн бодлогыг хамтраад шийдэх ямар боломж байгааг ярилцаад дараагийн хуралд ороод ир гээд энэ асуудлуудыг хойшлуулахаар болсон.
Чуулганы төгсгөлд ЗГ-аас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа хурал даргалагчийн зүгээс ажлын цаг дууссан болохыг хэлээд маргаашийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ