
Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж дараагийн сайд нар, шатахууны үнийн өсөлт, ам.долларын ханш гэхчлэн энэ өдрүүдэд иргэдийн ахуй амьдралд хүндрэл учруулсан асуудлуудыг нухацтай хэлэлцсэн байна.
Уг хуралдаанаар дараагийн сайд нарыг нэн даруй бүрдүүлж томилох хэрэгтэй. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах байсан байна.
Ингэснээр дараагийн Засгийн газар дэд сайдын орон тоогүй болох бололтой. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болон Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи нь дэд сайдын орон тоог цомхотгох саналтай байгаа аж. Тэгэхээр энэ саналыг хүлээн авлаа гэхэд Засгийн газрын тухай хуулийг өөрчлөхгүйгээр хийж болохгүй. Нийгэмд хүлээлт үссэн, үнийн өсөлт гээд хуримтлагдсан, цаг алдаж болохгүй асуудал их байхад хуулийг өөрчлөх гэж суух хэрэггүй. Зөвхөн дараагийн сайд нарыг томилоод явах хэрэгтэй гэсэн хэсэг байна.
Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох ёстой ч хуулийн хугацаа хүлээх цаг байхгүй гэдгийг ч ярилцсан байна. Удирдах зөвлөлийн хурлаар сайд нарын томилгоог хэлэлцэхдээ Шадар сайд М.Энхболд, намын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн байр суурийг илүүтэй тусгаж байгаа гэх.
Одоогийн байдлаар Сангийн сайдад одоо дэд сайдаар ажиллаж буй Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ч.Улаан, ЗТБХБын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Р.Буд, өнгөрсөн сард төрийн албаа хүлээлгэн өгсөн Б.Цэнгэл, Батлан хамгаалахын сайдад УИХын гишүүн Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн Д.Очирбат хамгийн магадлалтай нь болчихоод байна. Мөн ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т. Гантулгыг БОАЖ-ын сайдаар томилуулахаар ярилцаж байгаа аж. Өчигдөр оройны хурлаар ч дээрх нэрс дурдагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ