20 гаруй өрхийг төвийн цахилгаан эрчим хүчинд холбожээ

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооноос дүүргийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон Б.Дэмбэрэл хорооныхоо иргэд, сонгогчидтойгоо нээлттэй уулзалтыг өнөөдөр  хийлээ. 

 

Уулзалтаар тэрбээр өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажил болон энэ жил хийж хэрэгжүүлэх ажлаа тайлагнаж, танилцуулсан юм. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн биелэлтийг дүүрэгтээ санаачлан хэрэгжүүлснээр 20 гаруй байршилд гарц, замыг чөлөөлж ажиллажээ. Мөн өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар дүүргийн газрын албанд 1511 иргэний өргөдөл хуримтлагдсаныг Нийслэлийн газрын албанаас дүүрэг дээр тусгай ажлын хэсэг ажиллууснаар иргэдэд үзүүлэх үйлчилгээг хэвийн ажиллагаанд оруулж чаджээ. Зөвхөн 24 дүгээр хорооны хувьд газрын бичиг, баримтгүй 4-6 жил амьдарсан 280 гаруй өрхийн кадастрын нэгдсэн зураг, бичиг баримтыг бүрдүүлж дүүргийн Газрын албанд хүлээлгэж өгснөөр өдгөө газрын захирамж нь гарахад бэлэн болжээ.  


Бичил бизнес эрхэлж амьжиргаагаа дээшлүүлэх зорилготой ч барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Тэргүүн зоос” хадгаламж зээлийн хоршоотой хамтран давхардсан тоогоор 58 иргэнд нийт 163 сая төгрөгийн зээл олгосон байна. Үүний зэрэгцээ хорооны 30 гаруй ажилгүй иргэнийг Хөдөлмөр халамжийн сантай хамтран ажлын түр байраар хангаж, 4 айлд 5 ханатай гэр бэлэглэжээ. Мөн хорооныхоо 4-6 жил гэрэл, цахилгаангүй байсан 20 гаруй өрхийг төвийн цахилгаан эрчим хүчинд холбож өгсөн байна. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 40 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, 50 хүүхдийн ортой гэр цэцэрлэгийн суурь болон гэрийг бэлтгэж ашиглалтад оруулахад бэлэн болгоод байгаа аж.   


Амьжиргааны түвшин доогуур 250 гаруй иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж 50 гаруй иргэнийг 10 хүртэлх хоногоор “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхийн хамт 54 ахмад настанг амралт сувилалд төлбөрийг нь бүрэн төлж амраажээ. Хороо цаашилбал, дүүргийнхээ иргэдийн санал хүсэлтийг сонсох, хүлээж авах зорилго бүхий “Зөв дүүргийн төлөө Иргэн таныг сонсч байна” саналын хайрцгийг аялуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийж эхэлсэн байна. 


Харин 2018 оны хувьд тэрбээр Орон нутгийн хөгжлийн сантай хамтран 251, 168 дугаар цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг хийж, хорооны хүүхэд багачууддаа тоглож наадах орчныг нь бүрдүүлж өгөх юм байна. Мөн үерийн ус тогтоох байгууламж, хатуу хучилттай авто замыг барьж байгуулах, зарим хэсгийн авто замыг засч сайжруулж, хороондоо “Жишиг гудамж” бий болгох зэрэг бүтээн байгуулалтын нэлээд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төсөв санхүү нь батлагдсан байна. 


Уулзалтад нийслэл, дүүргийн газрын албаны холбогдох мэргэжилтнүүд оролцож оршин суугч иргэдийн газартай холбоотой тулгамдсан асуудлынх нь талаар ярилцаж, сонирхсон асуултад нь хариулт  өгсөн юм. 

Ж.Хорол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Атаархаж үхлээ ямар хороонд нь ийм мундаг төлөөлөгч заяадаг байнаа айн
2018-01-29
Зочин:
Дэмбэрэлээ 11 хороо Хонхор дампуурлаа ирж ажиллаач
2018-01-27
Зочин:
Amjilt ymar mundag yum be
2018-01-25
Зочин:
Busad ni amid uu
2018-01-24
Зочин:
Их хурлын гишүүний хийгээгүй сэтгээгүй зориглоогүй ажлыг хийчихсэн бацаан байна даа
2018-01-24
Зочин:
tur zasag gej baihgui shuu humuusee! Heden chenjuud l bii
2018-01-24