Хар чавганаас шавж илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Цагаан сарын урьдчилсан шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ. НМХГ Цагаан сарыг угтсан шалгалтын хүрээнд энэ сарын 16-наас эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад шалгалт явуулжээ. Шалгалтад 118 аж ахуйн нэгж, 199 иргэнийг хамруулсан байна. Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулжээ. Зөрчлийн хүрээнд зургаан сая зургаан зуун мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Шалгалтын явцад 24 дээж авч шинжилжээ. Үүнээс 23 нь шаардлага хангасан бол нэг бүтээгдэхүүнээс хортон шавьж илэрчээ. Тодруулбал, ОХУ-аас орж ирсэн хар чавганаас хортон шавьж илэрсэн байна. Тиймээс хар чавгыг хураасан ажээ.
Иргэдийг Сар шинийн бэлтгэлээ хангахдаа хүнсний бүтээгдэхүүнээ зориулалтын газраас, хаяг шошгыг нь сайтар анхаарч худалдаж авахыг улсын ахлах байцаагчид анхаарууллаа. Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн сонгохгүй байхыг онцгойлон санууллаа. Түүнчлэн үйлдвэрийн бууз, банш худалдан авахыг сануулав. Хувь хүн үйлдвэрлэсэн бууз, банш нь хаяг шошгын зөрчилтэй байхаас гадна эрүүл ахуйн шаардлага хангаагүй байх магадлалтай ажээ.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ