Монголын ард түмэн ямар тэвчээртэй, агуу, гэгээн юм бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХАОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төслөөр ХАОАТ-ыг нэг шатлалтай болгож байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
-Энэ бол их онигоотой юм болж байна. Хоёр нохой шиг хэмхэлдээд байх тусам хүмүүсийн сэтгэлгээнээс арчигдаж, баллуурагдаж, зайлж байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Баахан хууль дүрэм зохицуулалт гээд хөрсөн дээр буудаггүй зүйлийг цаасан дээр шийдсэн нь буруу. Амьдрал дээрх зүйлийг цаасан дээр буулгах ёстой юм уу, цаасан дээрх зүйлийг амьдрал буулгах юм уу. Сандлуудаа цэнхэр, улаанаар будах хэрэгтэй бол будчих. Цэцэрлэгийн хүүхдүүд ч өнөөдөр ингэж суудаггүй. Гэтэл өнөөдөр нохой шиг хэмхэлдэж байгаагаа харцгаа, шившиг. Өнөөдөр 3-5 удаа сонгогдсон гээд байгаа гишүүд өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ. Монголын төлөө юу хийсэн юм. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэдэг юм. Одоо олуулаа идье. Миний хувьд олон зүйл шийдэж чадахгүй байна, ганцаараа болохоор. Монголын ард түмэн ямар тэвчээртэй, агуу, гэгээн юм бэ. Монголын ард түмнээр бахархаж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Өнөөдөр эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүдийг бид сайн хийж чадсан. Өнөөдөр Б.Чойжилсүрэн сайдад талархах ёстой. ОУВС-тай гэрээ хэлэлцээр хийх гэж ажиллаж чадсан. Өнөөдөр үр дүнг гаргаж байна. МАН 1.5 жил үр дүнтэй ажиллаж чадсаны хүчинд эдийн засагт эерэг өөрчлөлт гарч байна. Тийм учраас бүх зүйлийг харлуулж болохгүй.
Ингээд ХХОАТ-ын хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүдийн 87.8 хувийн саналаар уг санал дэмжигдсэн юм. Ингээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Дараагаар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв. Тэрбээр:
- Үндэсний стастистикийн хорооноос гаргасан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-гоор одоо монгол эрэгтэй хүний 60 наснаас хойш амьдрах хугацаа 17.06 жил, эмэгтэй хүний 55 наснаас хойш амьдрах хугацаа 25.38 жил байгаа бол энэ үзүүлэлт 2040 онд эрэгтэй 20.94 жил, эмэгтэй 55 наснаас хойш 28.71 жил болж жилд дунджаар 1.6-2 сараар нэмэгдэхээр гарчээ.
Нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулиудад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмж, 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь дээрх тооцоололтой харьцуулахад гурав дахин өндөр байхын зэрэгцээ монгол хүний дундаж наслалтын өсөлттэй нийцэхгүй байгаа аж. Энэ нь тэтгэвэр тогтоолгох нас ойртож, хүлээлт үүссэн даатгуулагч иргэдийг бухимдуулж байна хэмээн Сангийн сайд хэллээ.
Тиймээс тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна.
Өнөөдрийн мөрдөж буй хуулиар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож байгаа.
Харин өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ