“Эрдэнэт” үйлдвэрийг олон улсын Арбитрын шүүхээс “Стандарт” банкны нэхэмжилсэн 102 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг гаргажээ. Үүнтэй холбогдуулан чуулганы хуралдааны үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “ганц саалийн үнээ болсон “Эрдэнэт” үйлдвэрийн хаалгыг барилаа” хэмээж байсан юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
-Арбитрын шүүхээс "Эрдэнэт " үйлдвэрийн үйл ажиллагааг битүүмжлэх шийдвэр гаргасан байна. Манай талаас уг шийдвэртэй холбоотой ямар алхам хийж байна вэ?
-Өмнөд Африкийн "Стандарт" банк болон Монгол Улсын "Жаст" групп хоорондын маргаан явж байгаа юм билээ. Шийдвэрүүд нь гарчихсан. Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Тиймээс Засгийн газарт хүлээх үүрэг, хариуцлага байхгүй. Баталгаа гарсан гэдэг асуудалд эрүүгийн хэрэг үүсчихсэн шалгагдаж байгаа. Бүр 2013, 2014 онд шүү. Тэр хэрэг нь АТГ-т шалгагдаж байна. Сүүлд "Хадгаламж" банкийг хураах асуудал үүсч, Ш.Батхүү гэдэг хүнийг хорьсон байдаг. Дээр нь, шүүхийн шийдвэрийг нь биелүүлээгүйтэй холбогдуулан алданги, хүү тооцдог. Үүний талаар цаашид яриа, хэлэлцээр хийх асуудал байгаа юм билээ. Түүнээс яг "Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилсэн гэдэг нь худал. Ташаа мэдээлэл тарааж олон нийтийг ойлгомжгүй байдалд оруулж байгаа л явдал.
-Манай талаас давж заалдах уу?
-Давж заалдсан юм билээ. Олигтой үр дүнд хүрээгүй шинжтэй байна лээ.
-102 сая ам.долларын торгууль төлөх асуудал яригдаж байна шүү дээ?
-Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн нь одоогоор тооцож буй алданги, хүү, торгууль. Энэ асуудлыг "Эрдэнэт" үйлдвэрийнхэн "Стандарт" банктай ярилцах боломжтой.
-Үүнд Засгийн газар ямар нэгэн байдлаар оролцох уу?
-Өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт танилцуулга хэлбэрийн зүйл ирсэн байдаг. Тухайн үед энэ асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсгийг нь манай Төрийн нарийн бичгийн дарга толгойлсон юм билээ. Түүнээс маргаанд бол Засгийн газар болон Хууль зүйн, дотоод хэргийн яам оролцоогүй. Тэр бол цэвэр "Эрдэнэт" үйлдвэр, "Стандарт" банк хоорондын асуудал юм.
Н.Нягт