Д.Сумъяабазар: “Рио тинто”-той зарчмын хувьд ойлголцсон

УУХҮЯ-наас хэвлэлийн бага хурал хийлээ. УУХҮЯ өнгөрсөн онд 47.1 сая тонн нүүрс, 19.8 тонн алт, 1.3 сая зэсийн баяжмал олборлосон байна. Уул уурхайн салбар аж үйлдвэр дотроо 86 хувийг эзэлж байгаа юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-“Роснефть” компанитай шатахууны үнийн асуудлаар ярилцсан уу?
-“Роснефть” компанитай уулзалт хийсэн. Бидэнд эерэг хандлага гарна. Монголын талд ашигтай байдлаар шийднэ гэсэн урьдчилсан хариу өгсөн. Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 26-27-нд Москва хотноо болно. Энэ үед мөн шатахууны үнэтэй холбоотой асуудлаар бид ярина.
-Татвараас зугтсан компаниудад ямар хариуцлага тооцож байна вэ? Тухайлбал, “Монгол газар” компани татвараас зугтаасанд хариуцлага тооцсон уу?
-Сүүлийн үед алт олборлож байгаа компаниуд татвараас зайлсхийж байгаа арга нь өөрсдийн эзэмшлийн талбайгаа түрээслэх, эсвэл компаниа дампууруулж байгаа. Бид ийм аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцно. Уул уурхайн яам тусгай зөвшөөрөл олгодог ч цуцлах эрх нь байдаггүй. Цуцлах эрх нь МХЕГ-т, хариуцлага зөрчсөн талаар дүгнэлт гаргадаг нь БОАЖЯ-нд байдаг. Лиценз олгож байгаа бол цуцлах эрхийг нь өгдөг байх хэрэгтэй. Яагаад гэвэл мэргэжлийн хүмүүс нь манай яаманд байгаа. “Монгол газар” зэрэг олон компани татвараас зугатааж байгаа.
-“Оюутолгой” компани гадаадын хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилж байгаа. 34 хувийн ногдол ашиг хэзээ ирэх бол?
-“Оюутолгой” компани 66 хувь эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилж байна гэж ойлгож байгаа. 34 хувь хэзээ ногдол ашиг авах вэ гэж байна. Засгийн газар “Оюутолгой” компанитай хүүгийн зардал бууруулах, өгөөжөө нэмэгдүүлэх тал дээр бодлогын түвшинд ойлголцоод явж байгаа. “Рио тинто” компанийн гүйцэтгэх захиралтай зарчмын хувьд ойлголцсон.
-“Тавантолгой”-н ордыг хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах вэ?
-Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын зах зээлд хувьцаа гаргах асуудал яригдаж байгаа. Бид борлуулалтаа нэмэгдүүлэх асуудлыг ярьсан. Мөн давхар зам, төмөр замын асуудлыг бид ярилцсан байгаа.
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг амилуулах ёстой. Ингэхийн тулд олон улсын стандартыг хангаж, хөрөнгийн бирж рүү гаргах зорилт дэвшүүлж байна.
-Газрын тосны үнийг бууруулах асуудлаар цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Стратегийн гол салбараа хувьд шилжүүлсэн улс байхгүй. Шатахууны асуудал жил бүр яригддаг. Ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө зохицуулалт хийх боломжоо төр алдчихаад байна. Бид хувьчилж болохгүй салбараа хувьчилсан. Үүнээс бол үе үеийн Засгийн газар асуудалд ханддаг. Шинээр газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлыг ярьж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ