Хуулийг ч, сонгогчдыг ч “гурилдах” хэрэггүй

Намрын чуулганаа завсарлуулсан түшээд тойрогтоо ажиллаж байна. УИХ-ын гишүүд Сар шинийн баяраас урьтаж, тойргийн сонгогчидтойгоо уулзан, гарын бэлгээ түгээж явна. Уг нь тэд тойргийн иргэдтэйгээ уулзалт хийж, хуулийн хэрэгжилттэй танилцаж, УИХ-аас баталсан хууль, тогтоолыг сурталчилж, цаашид авах арга хэмжээний талаар иргэдтэй санал солилцох үндсэн үүрэгтэй. Мэдээж уулзалтын үеэр энэ бүхэн яригдаж байгаа байх. Гэвч уулзалтын сэдэв, гишүүдийн нэр хүнд бэлгэнд дарагдаж байна.
Сар шинийн баярыг угтсан бэлтгэлийн ажлын хажуугаар УИХ-ын гишүүдийн сонгогчдодоо тарааж байгаа гарын бэлэг амнаас ам дамжин яригдаж, эрхэм гишүүнээр хаягласан гурил, будаа, сүү, чацарганы зургууд дэлгээтэй.
Ер нь сонгогчдыг төлөөлсөн тойрогтоо ажиллах нь гишүүдийн үүрэг. Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон түшээд улстөрч, хуульч, эдийн засагч, бизнесмэн, худалдаачин хэн ч байсан хуулийн засаглалыг бэхжүүлж, улсыг хөгжүүлэхэд санаачлагатай ажиллах тангарагтай. УИХ-ын гишүүд хууль, тогтоолыг өөрсддөө зориулан гаргадаг, нийгэм хүлээн зөвшөөрөхгүй шүүмжлэлтэй асуудлыг олон нийтийн анхаарал өөр тийш чиглэсэн баяр наадмын өдрүүдэд чиглэл чиглэлийн хуулиа сэм хэлэлцэн баталдаг дутагдал байсаар ирсэн. Тухайлбал, наадмын уур амьсгал орсон үеэр хаврын чуулганыг завсарлахын өмнө шатахууны үнийг нэмж, хэрэгжилтийг хүйтний урь наашилсан 10 дугаар сард мөрдөхөөр батлах жишээтэй. Цаашлаад ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй, хэлэлцэх асуудлаа хойшлуулсаар хавар намрын чуулган завсарлахтай зэрэгцэн хуулиудыг бөөндөж баталдаг гэм биш зан. Парламентат засаглалтай манай улсын хувьд хууль тогтоогчид нь нийгэм, цаг үед нийцсэн чанартай хууль баталж, түүнийгээ сурталчлан таниулснаар олон нийт даган мөрдөх юм. Уг нь ч гишүүдэд хууль сурталчлах төсвийг баталж өгдөг ч энэ нь зориулалтаасаа өөр зүйлд зарцуулагддгийг хэн ч үгүйсгэхгүй.
Өмнөх парламентын гишүүд томсгосон тойргоос сонгогдсон болохоор иргэдтэй хийх уулзалтдаа тэр бүр ач холбогдол өгөөд байдаггүй байсан. Харин энэ удаагийн парламентын гишүүд тойргоос сонгогдсон. Тиймээс ч бүрэн эрхийнхээ хугацаанд сонгогчидтойгоо тулж ажиллахыг илүүд үзэж байх шиг байна. Ер нь Сар шинэ, баяр наадмыг угтаж тойргийнхоо, салбарынхаа хэн нэг ахмад настан, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлийн гар цайлгахад болохгүй зүйлгүй. Мэдээж сонгогчдын тухайд гишүүд эсвээс горилогчдоос ирсэн бэлгийг авч боловч сонголтоо өөрийнхөөрөө хийх хэрэгтэй гэж үзэх хэсэг байдаг. Гэвч гишүүдийн бэлэг сонгогчдоо нам эвслээр нь ялгаж, тодорхой хүрээнд хариу нэхсэн “тамга”-тай хүрдгийг олон нийт шүүмжилж байна лээ. Мэдээж, тухайн УИХ-ын гишүүн сонгогчдодоо бүртгээд, ялгаад явахгүй. Тухайн хэсэгт УИХ-ын гишүүнээ төлөөлж байгаа “зөвлөх” гэх том хэргэмтэй туслахууд тоо, нэрсийг нь жирийтэл гарган ажлаа тайлагнах үүрэг хүлээсэн байдаг гэх. Ер нь сонгогчдын саналыг өөртөө татах гэсэн улстөрчид, горилогчдын хуульд бичигдээгүй ч хувийн эрх ашгийн төлөөх энэ үйлдэлд хууль санаачлагчид өөрсдөө цэг тавих үүрэгтэй. Гэвч улстөрчид өөрсдөдөө хариуцлага үүрүүлэх, эрхээсээ хасуулах тун дургүй. Тиймээс энэ байдал цаашид ч үргэлжлэх биз.
Нэгэнтээ хэвлэл, мэдээлэл сошиалаар улстөрчийн талаарх сайн гэхээсээ саар шүүмжлэлтэй нээлттэй цацагддаг. Энэ нь нэг талаас олон нийтийн хяналт чангарсны, нөгөө талаас улстөрчдийг үг, үйлдлээ алхам тутамдаа хянахыг сануулсан сануулга. Харин энэ нь улстөрчдөд таалагдаад байдаггүй. Тиймээс ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Интернэт, сошиал орчныг цэгцэлж, хууль, эрхзүйн орчныг чангатгах хэрэгтэй” гэсэн асуудлыг намрын чуулганы хаалтын үеэр хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, сошиал ертөнцийг цэгцэлж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нэрийдлээр улстөрчид өөрсдийнхөө талаарх сөрөг мэдээлэлд хаалт, хориг тавих нь. Харин ч “интернэт хөгжсөнөөр төр нь ард түмнээ хянадаг биш, ард түмэн нь төрийн үйл ажиллагааг хянаж, буруу шийдвэрийг нь буцааж өөрчлүүлж болдог болсон. Энэ бол жинхэнэ ардчилал руугаа орж байгаагийн илрэл” гэж Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц тодоос тод хэлсэн юм шүү.
Ер нь улстөрчид хуулиа батлахдаа ч өөрсдийн эрх ашгийг харж, уулзалт хийхээр сонгогчдыг татан цуглуулах гэж гарын бэлэг тарааж “гурилдах” хэрэг байхгүй. Сонгогчид ямар тэдний гарыг харсан биш мөрөөрөө ажиллаад л, амьдраад л явж байгаа. Өөрсдөө л иргэдээ хүрч ажиллах нь ардчилал бас нэг хэлбэр байлтай.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ