Бага ярьж, ихийг хийх эрх баригчдын мөчлөг

Тийн унжлагат нохой жилийн хаврын тэргүүн сарыг монголчууд нийтээрээ сэтгэл тэнэгэр сайхан угтлаа.
Эрх баригчдын хувьд бүрэн эрхийн хугацааны хоёр дахь мөчлөг ийнхүү эхэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд өмнөх эрх баригчдын алдаатай бодлого шийдвэрт шүүмжлэлтэй хандаж , зарим хууль, тогтоолд өөрчлөлт оруулж, эдийн засгийн хямралыг даван туулахаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа.
Анх төр, засгийг хүлээж авахад төсөв алдагдалтай, валютын нөөц шавхагдсан, эдийн засаг туйлдаа хүрч, дампуурлаа зарлах дээрээ тулаад байсныг эрх баригч хүчин МАН онцолдог. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг өсөлттэй гарч, валютын нөөц нэмэгдсээр ирсэн. Тэр дундаа өнгөрсөн онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар төсөв, санхүүгийн сахилга батыг сахиж, бондын өр зээлээ төлж эхэлсэн.
Энэ хугацаанд хоёр эрх баригч хүчний хоёр дахь Засгийн газар байгуулагдаад байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгийг сэхээний тасгаас энгийн тасагт шилжүүлсэн гэж онцолдог бол У.Хүрэлсүхийн Засгийн газар саяхан 100 хоногийн ажлаад дүгнэхдээ бүтээн байгуулалт өрнүүлэхээ мэдэгдэж, ОУВС-гийн хөтөлбөрийн хоёр дахь хэлэлцээрийг дүгнэхдээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засагт үүр цайсан”-ыг онцоллоо.
Үнэндээ ч төр, засаг мөнгөтэй болсон нь УИХ, Засгийн газрын гишүүдийн хэрэглээнээс шууд мэдрэгдэж байна лээ. Үүнийг эхлээд гишүүдийн сонгогчдодоо түгээсэн Сар шинийн гарын бэлэг гэх шуудай шуудай будаа, гурилаас эхлээд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн цоо шинэ загварын “Lex-570” маркийн машины тансаглал зэргээс харагдана.
Төр, засгийнхны тансаглалтай барьцахаа больё гэхэд эдийн засгийн өсөлтийн эерэг хандлага иргэдэд мэдрэгдэхгүй байгаа. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн нь татвар нэмэгдэж, шатахууны үнэ өссөн энэ үед иргэдийн амьжиргаанд дусал нэмэр ч болоогүй нь үнэн. Цаашдаа төрийн албаныхны цалин нэмэгдүүлнэ гэдгээ Засгийн газар амласан. Гэвч төрийн албаныхан цалин нэмэгдлээ гэхэд хувийн хэвшлийнхэнд хүртээлгүй. Харин цалин нэмэгдэх бүрийд зах зээлийн хуулиараа өргөн хэрэглээний бараа таваарын үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Цалин нэмэгдэх, бараа таваарын үнэ өсөх завсрын ачааг хувийн хэвшилд ажиллагсдын үүрсээр ирлээ.
Төрийнхөн тансаглаж, түмэн олон бухимдалтай байх нь ардчиллын үзэгдэл гэвэл өрөөсгөл. Нэгэнтээ төрийнхний тансаглал ч, түмний бухимдалд цэг тавих цаг удахгүй ирнэ.
Тиймээс ирэх өдрүүдэд эрх баригчид сонгогчдодоо өгсөн амлалтаа хэрэгжүүлэх хуанлийн хуудас эргэлээ. Одоо үнэмлэхүй олонхид өнгөрсөн үеийг буруутгаж, өөрсдийгөө магтан ярих цаг биш. Бага ярьж, ихийг хийж, амлалтаа биелүүлэх л мөчлөг дээр ирээд байна.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ