Аюулын харанга дуудсан агаарын бохирдол

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хүйтний улиралд дэлхийн агаарын хамгийн өндөр бохирдолтой хотуудын нэг болоод байгаа. Монгол Улсын Засгийн газрын бүрдүүлсэн тоо баримтаас үзэхэд энэ оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 05:00 цагт баруун дөрвөн замын орчимд нарийн ширхэгт тоосонцрын агууламж 3,320 мкг/м3 байжээ. Энэ нь ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс даруй 133 дахин их байна.  Ийм хэмжээний өндөр бохирдолтой орчинд амьдрах нь нэн ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг.  Уушгины үрэвсэл, бронхит, амьсгалын замын архаг өвчлөл гээд олон өвчнийг энд нэрлэж болно.  Эдгээр нь хүүхэд өсөж том болсон хойно ч тэдний уушгины үйл ажиллагааг сулруулах гэх мэт байдлаар хүндрэл үүсгэж болзошгүй байдаг. Үүнээс гадна, агаарын бохирдол төрөөгүй хүүхдэд хүртэл сөргөөр нөлөөлж жин багатай, дутуу тээлттэй, амьгүй төрөх зэрэг ноцтой үр дагавар үүсгэдэг.

 

 

Мөн жирэмсэн байх үед болон төрсний дараах эхэн үед хүүхдийн тархины болон танин мэдэхүйн хөгжилд сөрөг нөлөөтэй болохыг сүүлийн үеийн судалгааны баримтууд харуулж байна.  Агаарын бохирдолтой холбоотой өвчлөл нь хүүхдийн эрүүл мэнд, амьжиргаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амь насанд заналхийлэх тохиолдол ч бий.  Харамсалтай нь, Улаанбаатар хотын агаарын бохирдолд өртөж буй хүүхдүүд шаардлагатай эмчилгээг бүрэн хийлгэж чадахгүй байгааг илтгэх олон үзүүлэлт байна. Агаарын бохирдол нь их хэмжээний сөрөг үр дагавартайг харгалзан бүх хүүхдийг агаарын бохирдлоос сэргийлэх, эрүүл мэндэд үзүүлсэн сөрөг үр нөлөөг нь арилгах, эмчилгээг хүүхэд бүрд хүргэх явдлыг баталгаажуулах тухайд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нэн даруй авахгүй бол агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлийг эмчлэх санхүүгийн шууд зардал үлэмж өсөх төлөвтэй байна.

 

Энэхүү судалгааны тайлангийн зохиогчдын хийсэн тооцооллоос үзэхэд, арга хэмжээ авахгүй байх эс үйлдлийн улмаас агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 2017-2025 оны хооронд 33 хувиар нэмэгдэж 2025 он гэхэд эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарах төлөвтэй байна.”

 

 

Энэ бол НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааны дүнг танилцуулгын нэгээхэн хэсэг.

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааны дүнг танилцуулах арга хэмжээ өнөөдөр “Туушин” зочид буудалд боллоо.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй төв дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг судлаачид тогтоожээ. Хүүхдүүд томуу, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа өвчин, амьсгалын доод замын бусад халдвараар ихэвчлэн өвдөж байна.

 

 

2015 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 45.7 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа ба хотжилт төлөвлөгдөөгүй байдлаар явагдсан тул захын гэр хороолол огцом тэлсэн. Ингэснээр нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж, эрүүл мэнд, орчны хүнд нөхцөлд амьдарч байна. Нөгөө талаар уур амьсгалын өөрчлөлт, газар, хөрсний доройтлоос улбаалан хөдөөгийн амьжиргаа муудаж, цаашид хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэхэд нөлөөлөх магадлал өндөр байгаа юм.

Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд эхийн хэвлийд бий болсон цагаас нь эхлэн сөргөөр нөлөөлдөг. Монголд ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болж байна.

 

2015 онд 5 хүртэлх насны  435 хүүхэд уушгины үрэвслийн улмаас нас барсан байна. 2016 онд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдлын холбоотой өвчлөл Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудад 10.4 тэрбум төгрөгийн зардал гарчээ. Хүүхдүүд томуу, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа өвчин, амьсгалын доод замын бусад халдвараар өвдсөн байна.

 

 

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурийн төлөөлөгч Алекс Хайкинс хэлэхдээ “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн. Эдгээр эрсдэлүүдэд амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай төрөлт, хатгалгаа бронхит, гуурса хоолойн багтраа өвчин болон хүүхдийн нас баралт зэрэг багтана. Агаарын бохирдол Монгол Улсын хүн амд ноцтойгоор заналхийлж байна гэдгийг онцолсон юм.

 

Энэ нь Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт  заасан зорилтот хэмжээ хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол 2017-2025 онд зөвхөн Улаанбаатар хотын эрүүл мэндийн тогтолцоонд учрах зардлын хэмжээ 24.5 тэрбум төгрөг болох аж. Мөнгөн бус зардлыг тооцож үзвэл, агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахгүй байх нь 2017-2025 онд 1.2 сая хоног хэвтэн эмчлүүлэх, 145,000 удаа амбулаториор эмчид үзүүлэх нэмэлт ачааллыг эрүүл мэндийн тогтолцоонд үүрүүлнэ гэсэн тооцоо гарчээ. Шууд зардал дээр нэмээд тус судалгаагаар өвчтэй хүүхдээ асрахын тулд эцэх эхийн алдсан хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээг тооцоолж гаргасан. Уг хувьсагч үзүүлэлтийг хамруулж тооцвол 2017-2025 оны хооронд шаардагдах эс үйлдлийн зардал 43.3 тэрбум төгрөг болж байна. 

 

Тиймээс гадаад орчны агаарын бохирдлын хор нөлөөг бууруулах үүднээс өөрт сайн таарсан амны хаалтыг хэрэглэх тухай зөвлөмжийг боловсруулж иргэдэд тараах,  агаарын бохирдол хамгийн өндөр байдаг хорооллуудын эмзэг бүлгийн иргэдэд амны хаалтыг үнэ төлбөргүй тараах,  гэр хороололд оршин суудаг жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхдийг агаарын бохирдолд өртөх байдлыг бууруулах багц арга хэмжээг тодорхойлох, зардлын тооцооллыг хийх, сурталчлах судалгааг хийх, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүд дунд амьсгалын замын цочмог үрэвсэл, уушгины архаг өвчлөлийг эмчлэх сайн чанартай эмийг үнэ төлбөргүй эсвэл хямд үнээр хүргэх зэрэг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг зөвлөмжид дурджээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОДОО ХУДЛАА ОРИЛОХОО БОЛЬ:
АГААРЫН БОХИРДОЛ БОЛ НЭГ ХҮН, НЭГ КОМПАНЫ ХИЙСЭН БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС ХИЙСЭН ЗҮЙЛ ОГТ БИШ!!! БУРУУТАН ХАЙЖ ХЭН НЭГЭНИЙГ ЦААЗЛАХ БАЛИАР ХЭЛМЭГДҮҮЛЭГЧ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭС САЛЖ ХАРИН ЯАЖ УТААНААС САЛАХ ВЭ ГЭДЭГ ГАРГАЛГАА Л ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХИЙСЭН АЖИЛ БОЛГОНЫГ НЬ МУУЛЖ СУУХААР ДЭМЖИЦГЭЭЕ. УТАА БОЛ ГЭР ХОРООЛЛООС Л ҮҮДЭЖ БАЙГАА, ГЭР ХОРООЛЛЫНХОО ЯНДАНГ ЯАЖ БАГАСГАХ ВЭ ГЭДЭГ АРГАА Л БОДОЖ ОЛООРОЙ!
2018-02-23