Б.Хурц нараас би хүүгийнхээ амийг нэхнэ
Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцож, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих шийдвэр гаргасан билээ. Харин С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа:
-Би хилс хэргээр тамлагдан зовж байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн байна. Тухайн үед С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн худал шүүх хурал болсон. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүллээ гэж ард түмнийг төөрөлдүүлсэн энэ эмгэнэлэт жүжгийг манай ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Энэ хэргийг зохион байгуулсан хүмүүс нь тагнуул, прокурорын байгууллагын удирдлагууд. Сүүлийн үед ард түмний тархийг угаах арга нь улам нарийсаж, хуйвалдааны шугамаар өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгааг хараад тэвчихийн аргагүй болоод энэ хурлыг зохион байгууллаа. УЕП-ын орлогч Д.Эрдэнэбат гэдэг хүн хэвлэлд их ярилцлага өгч байна. Энэ хүний ярьсан зүйл зохиомол зүйл шүү гэдгийг ойлгуулж өгөөч гэж хүсч байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг захиалагч нь одоо хүртэл илрээгүй байгаа. Гэтэл захиалагчтай гэдэг нэрээр яллачихаад байгаа. Тагнуул, хуулийнхан миний хүүд тариа хийж, ухаан санааг нь солиоруулж байгаад яриулсан зүйлээ эвлүүлж нотлох баримт болгон хийсэн.
Миний хүүгээр худлаа яриулж, зохиомол хэрэг үүсгэсэн. Тагнуул, хуулийнхан шүүх хурал хийхдээ ганцан Амгаланбаатар гэдэг алуурчны үгээр шүүх хурлаа явуулсан. Гэрч гэх хүмүүсийг хаанаас ч юм авчирч, худлаа мэдүүлэг авсан. Байцаасан хүмүүсээ дахин яриа өгч болохгүй гээд Эрдэнэтэд гарын үсэг зуруулаад явж байна. Хэргийн материалыг ил болголоо гээд байна. Юу нь ил болсон юм бэ. Харин өөрсдийн хуйвалдаанаа нууцын зэрэглэл болгосон. Үүнийг би Ц.Элбэгдорж, Б. Хурц болон Ерөнхий прокурорын хуйвалдаан гэдгийг сонордуулъя. Гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа нь харамсалтай байна. Миний хүүг тамлаж, зовоосны үндсэн дээр шоронд үхвэл энэ хүмүүстэй хариуцлага тооцно. Хүүгийнхээ амийг би Б.Хурц, прокурор Эрдэнэбат, байцаагч н.Бямбажав, н.Сандагсүрэн гэсэн хуйвалдагч нараас нэхнэ.
Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат:
-Хуулийн дээд шатны шүүх хурлаар ороод энэ хүмүүсийг бүгдийг нь яллаад, шоронд байгаа. Хэрэгтэн гэж тасалж, шоронд хийчихээд одоо хойноос нь юунд айгаагаад байгаа юм. Энэ гурван хүнийг нэг айлыг гэр бүлээр нь шатааж, амь насыг нь хохироосон гэдэг. Гэтэл энэ галын шалтгааныг УЕП-ын орлогч Д.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа цахилгааны утас хэдэн метрийн цаана тасарсан гэж хэлсэн. Гэтэл тухайн үед Орхон аймгийн Онцгой байдлын газраас нотломж гаргасан байдаг. Энэ нотломжид “Гал түймэр гарсан шалтгааныг хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн тодорхойлолтоос үзэхэд Рашаант гудамжны .. тоотод гарсан гал цахилгаан ашиглалтын буруугаас гал гарсан” гэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт байдаг. Энэ нь айлд байгаа зурагт, плитка зэрэг байж болно. Гэтэл прокурор цахилгааны утас тасарсан байсан гэж буруу яриад байна.
20 жилийн өмнө байрны гадаа байсан хүмүүсээр гэрч хийж байна. Гэтэл энэ хэргийн амьд гэрч болох Булган байсаар байтал тэр хүнийг гэрч биш гэж тайлбарлаж байна. Прокурорын ярьсан ярилцлагаас Ц.Амгаланбаатар захиалагчийг мэдэж байна. Гэтэл яагаад энэ хүнээр захиалагчийн тухай яриулсангүй вэ. Хэрвээ Ц.Амгаланбаатар үе үе их мөнгөтэй байсан бол ээжийгээ гэрээсээ хөөж, гаргаад гэрээ зарж, таксины жолоочийг дээрэмдэх үү. Таксины жолооч 20-30 мянган төгрөгтэй л явж байгаа байх. Их мөнгөтэй хүн хүний амь хөнөөх үү. Шүүх, прокурор, тагнуулынхны энэ үйлдэл хүмүүсийг эргэлзүүлж байна. Прокуроруудаас гаргасан нотлох баримт бүгд хоорондоо зөрүүтэй. Хамгийн гол нь Ц.Амгаланбаатар гэдэг хүний амаар явж байна. Нотлох баримт байхгүй. Тиймээс энэ хэргийг ил болгоно уу.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ