Өрхийн төсөвт нөлөөлөөгүй ӨСӨЛТ

img

 

Эрх баригчид энэ оныг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил болно гэж дүгнэж байгаа. МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаа хэрэгжүүлэхээр “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг барих зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхээр энэ оны төсөвт тусгасан.

 

Өнгөрсөн хугацаанд гарсан эдийн засгийн эерэг нөлөөллийг энэ жилээс иргэдийн амьдралд мэдэгдэхүйц сайжруулна гэж эрх баригчид хэлж байгаа. Олон улсын байгууллагын  хөтөлбөр хэрэгжсэнээр эрсдэлд  өртөх аюулаас хамгаалагдаж чадсаныг ОУВС-гийн төлөөлөгч онцолсон бол “Эдийн засагт үүр цайсан” гэж Сангийн сайд тодотгож байгаа.

 

Ямартай энэ оны эхний нэгдүгээр сарын улсын төсвийн гүйцэтгэл эерэг дүнтэй гарсан байна.  Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 530.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оноос 20.4 хувь буюу 89.8 тэрбум төгрөгөөр өссөн, мөн орлогын төлөвлөгөө 4.2 хувь буюу 21.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн үзүүлэлттэй гарчээ.  

 

Гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 16.1 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 276.5 тэрбум төгрөгийг тус тус төлж, 4.0 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл шинээр авч, мөн 8.7 тэрбум төгрөгийн өмч хувьчлалын орлого төвлөрсөн байна. Шинээр Засгийн газрын урт болон богино хугацаат дотоод, гадаад бонд гаргаагүй аж. Ер нь Засгийн газар дотооддоо бонд гаргахгүй гэдгээ хэдэнтээ онцлоод байгаа. Саяхан хэвлэлээр Засгийн газар гадаадад бонд гаргахаар болжээ гэж мэдээлэгдсэнийг Сангийн сайд үгүйсгэсэн.

 

Цаашлаад татварын орлого 468.6 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 6.9 хувь буюу 30.2 тэрбум төгрөгөөр давж биелжээ.  Татварын орлогын хувьд хөрөнгийн албан татвар, онцгой албан татвар болон тусгай зориулалтын орлогын татвараас бусад бүх төрлийн татварууд биелэлттэй гарчээ.  Татварын бус орлогын төлөвлөгөө 2018 оны  87.8 хувийн биелэлттэй гарч, дутуу төвлөрсөн нь төсөвт байгууллагын өөрийн орлого болон татварын бус бусад орлого тасарсантай холбоотой гэнэ.  Татварын орлого даван биелсний  21.6 хувийг нийгмийн даатгалын орлого бүрдүүлжээ. Эрх баригчид энэ оны нэгдүгээр сараар ХАОАТ-ыг хоёр шатлалтай болгон, нэмэгдүүлэх хуулийг өнгөрсөн онд баталсан. Тиймээс ч иргэд цалингаасаа  нэлээд хэмжээгээр суутгуулсан нь татварын орлого давж биелэхэд  ийн хувь нэмрээ оруулсан  биз.  Энэ мэт  татвар нэмсэн зарим хуулиа буцаан татсан нь иргэдийн нуруун дээрх ачааг бага ч гэсэн бууруулах байх.

 

Ийнхүү цаасан дээр ч, бодит байдал дээр ч тоон үзүүлэлтээр улсын төсвийн орлого өсч, валютын нөөц нэмэгдсээр байгаа. Харин өрхийн төсөв, иргэдийн орлого хумигдаж, цалин хүрэлцэхгүй байгаа нь бодит үнэн. Засгийн газар ирэх 10 дугаар сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэхээ мэдэгдсэн.  Энэ нь төрийн албан хаагчдад хамаарахаас нийгэмд нөлөөлөхгүй.  Энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 27 мянган төгрөгөөр нэмсэн. Гэхдээ энэ нь өрхийн төсөвт мэдрэгдүйц нэмэгдэл бус. Сар бүр олгодог хүүхдийн мөнгөний хэмжээний энэ нэмэгдэл ахмадуудын нэг удаагийн эмчилгээний төлбөрт ч хүрэлцэхгүй нь тодорхой.

 

Тэрбум тэрбумаараа өсч, нэмэгдэж байгаа улсын төсвийн орлого, хэзээ өрхийн төсөвт нөлөөлөхийг  таашгүй.  Хямралын үед эдийн засаг сайжрах талдаа орсон ч эхний ээлжинд иргэдэд мэдрэгдээд байдаггүй юм байна гэж  эрх баригч хүчин тайлбарлаж байна лээ. Гэхдээ л цаасан дээрх тоон үзүүлэлтээр бус  иргэдийн амьжиргаа сайжирснаар  эрх баригчдын ажлыг дүгнэнэ. Ардчилсан нийгэмд “Иргэн баян бол улс баян”  лоозон үйлчилдэг биз дээ.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тархины тураалт монгол:
Солиор. Бидний ямар ч халамжийг хасаж болохгүй. Харин халамж нэмэх хэрэгтэй. Энэ жил шинээр бий болгосон 5 төрлийн халамж цөөдөөд байна. 1 тэрбум долаарын өр тавьж байхраар олигтохйон 10 тэрбумын өр тавиад 100 төрлийн халамж, урамшуулал, хөнгөлөлт гаргаадхаач. муу казино Хүрэлсүхээ. Чи яаж сурамгай авилга авч Royal castle-д 600 мянган долларын байр авсан шигээ хөдлөөч.Сүүлчийн тархины тураалт монголын чин хүсэл юу гэдгийг та нар мэдэх үү? Хүүхдийн мөнгийг 100 хувь тараах гэж хэлээд л нөгөө ертөнц рүүгээ явах болно. Харин тэр үед Монголын газар нутаг дээр хятадууд бужигнаж байх болно.
2018-02-27