АТГ-ын дарга огцрох ёстой


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 2008 онд 180 орноос 102-т жагсаж байсан бол 2017 оны байдлаар 180 орноос 103 дугаарт жагссан байна. Энэ нь манай улс авлигатай тэмцэхгүй байгааг олон улсад харуулж байна гэж олон нийтийн зөвлөлөөс дүгнэжээ.
Авлига, газрын наймааны гэмт хэрэг сураг тасрах шинжтэй
Энэ талаар АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн гишүүн А.Саруул “Авлигын тайланг жил бүр дэлхийн улс орнууд гаргадаг. Гэтэл Монгол Улс хэзээ ч авлигын тайлан гаргаж байгаагүй. Дэлхийн авлигын тайланд Монгол Улс 2007 онд нэг удаа оролцож байсан. Энэхүү тайланд ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс 2.9 сая ам.доллар зарцуулсан. Үүнийг анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон гэх мэтээр манай улсын хууль эрхзүйн системийг хүчтэй шүүмжилсэн байсан. Төрийн эрхийг хууль бусаар авсан байх 60 тэрбумын гэмт хэрэг, Эрдэнэт УБҮ-г барьцаалсан хэрэг, Уул уурхайн лицензийн авлига, газрын наймаа, тендерийн авлига гэх мэт албан тушаалтын гэмт хэрэг сураг тасрах шинжтэй цаг алдсаар байна. АТГ-т авлигачдад хариуцлага тооцох хугацаатай шаардлага тавих, цаг алдалгүй авлигын асуудлыг шийдвэрлэх, үр дүнг дүгнэхийг олон нийтээс хүсч байна” хэмээв.
"Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээдүүдийг шалгах ёстой
Харин тус зөвлөлийн гишүүн Г.Анхныбаяр “Ард түмний өмч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээдүүдийг АТГ шуурхай мөрдөн шалгаж, хариуцлага тооцох үүрэгтэй. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нар нь санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц хэмжээний гэмт хэрэг үйлдсэн байна. АТГ нь дээрхи нэр бүхий этгээдүүдийг өнөөдрийг хүртэл шалгахгүй, шалгасан ч хаацайлсаар ирсэн. Иймд АТГ-ын дарга үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байна. Мөн УИХ Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс, С.Баярыг ИБУИНВУ-д суух Элчин сайдаас тус тус эргүүлэн татаж, нэн даруй шалгуулах шаардлагатай” гэв
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ