А.Энхбаатар: Хориглосоор байхад уяачид харанхуйд морио уралдуулсан

“Дүнжингарав-2018” хаврын бүсийн хурдан морины уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Баянтал гэх газарт өчигдөр /2018.03.18/ болжээ. Соёолон насны морьдын уралдаан харанхуй шөнө болсноос улбаалан унаач хүүхдүүд унаж, бэртсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучууын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодрууллаа.
Хүүхдүүд урд яваа машинаа харалгүй мөргөж, ухаан алдан унаж байсан
-“Дүнжингарав” хаврын бүсийн уралдааны соёолон насны морьдын уралдаан харанхуй шөнө болж, улмаар олон хүүхэд бэртэж, гэмтсэн байна. Танайхаас энэ наадамд ямар хяналт тавьж ажиллав?
-Бид уралдааны тухай албан бус мэдээллийг хоёр хоногийн өмнө авч, яаран сандран ажлын хэсэг томилогдон наадмын өмнөх өдөр очсон. Нийтдээ 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр чиг үүрэг хэрэгжүүлсэн байгаа. Уралдаж байгаа хүүхдийн насанд хяналт тавих, хүүхдийг бүртгэх, уралдаанд хүүхдүүд стандартад нийцсэн хувцас хэрэглэлтэй оролцож байгаа эсэхэд Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас хяналт тавьж ажиллалаа. Энэхүү уралдаанд нийт 307 хүүхэд хурдан морь унаж уралдахаар бүртгүүлсэн. Тодруулбал 12 настай 85 хүүхэд, 13 настай 62 хүүхэд, 14 настай 49 хүүхэд,18-аас дээш настай гурван настай хүүхэд уралдсан. Засгийн газрын тогтоолоор энэ уралдаанд 12-оос дээш насны хүүхэд хурдан морь унаж уралдах зохицуулалттай байсан.
-Наадмын үеэр хичнээн хүүхэд бэртэж, гэмтсэн бол оо?
-Нийтдээ 16 хүүхэд морьноос унасан. Үүний гурав нь ноцтой байдалтай гэмтсэн. Хоёр хүүхэд ухаан алдсан байдалтай олдсон. Нэг хүүхэд Чойроос Улаанбаатар хотод хүргэгдэн ирж ГССҮТ-д эмчлүүлж, эрүүл мэндийн байдал харьцангуй сайжирч байна. Мөн нэг хүүхдийн шилбэний яс хугарсан, өөр нэг хүүхэд ухаан алдан унаж, аймгийн төвд эмчилгээ хийлгэн биеийн байдал харьцангуй сайжирсан тул эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн.
-Унаач хүүхдүүд автомашин мөргөж унасан тохиолдол цөөнгүй гарсан байна? Яагаад унаач хүүхдүүд олноороо бэртэж гэмтэв?
-Зохион байгуулалт тун хангалтгүй байлаа. Их насны морьдын уралдаанаар гэхэд морьтой уралдаж байгаа хүүхэд урд яваа машинаа харахгүй мөргөж, ухаан алдаж унасан тохиолдол цөөнгүй гарсан. Морь, машин хоёр холилдож үзэгдэх орчин асар их хязгаарлагдаж, хүүхэд өмнөө байгаа автомашиныг харалгүй мөргөлдөж байсан.Ийм хяналтгүй, мөн цаг нэлээд орой болсон тул их насны уралдаанаас хойш зохион байгуулагдах байсан соёолонгийн уралдааныг цуцлах санал тавьсан. Гэвч уралдаан зохион байгуулагдсан.
Соёолон морьд харанхуйд барианд орох нь тодорхой байсан ч, уралдуулсан

-Хориглосоор байтал ММСУХ-ноос соёолонгийн уралдааныг зохион байгуулсан гэсэн үг үү?
-Бид албан ёсоор ММСУХ-нд хүсэлт тавьж газар дээр нь хуралдуулсан. Унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд маш ноцтой хохирол учирч болзошгүй байгаа тул соёолон насны морьдын уралдааныг зохион байгуулахгүй зогсоохыг хүссэн. ММСУХ-ноос тухайн наадамд оролцож байсан уяачдыг цуглуулж байгаад тайзан дээрээс уралдаж байгаа морьдын тоотой, дагаж яваа машины тоо дүйцэхгүйц хэмжээтэй байна. Улмаар уралдаанч хүүхэд өмнөө яваа автомашиныг харалгүй очиж мөргөөд ухаан алдаж байна. Энэ мэтчилэн хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нэг биш тохиолдол гарлаа гэдгийг тайлбарлаж соёолонгийн уралдааныг зогсоохыг зарлаж, уяачдад хандсан. Гэтэл соёолонгийн уралдаан болсон.
-Соёолонгийн уралдааны сүүлийн морь хэдэн цагт барианд орж ирсэн бэ?
-Бид 22.00 цаг өнгөрч байхад мориноос унасан, бэртсэн хүүхдүүдийг аваад барианд орж ирсэн. Өчигдөр бодит нөхцөл байдалд соёолон нас уралдаад барианд орж ирэхэд гарцаагүй харанхуй болох нь тодорхой байсан. Тийм учраас хүүхдийн байгууллагын зүгээс цуцлахыг албан ёсоор уламжилсан. Гэвч уралдаан болсон.
-Засгийн газрын тогтоолоор тавдугаар сарын 1-нийг хүртэл 12-оос доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэтэл 11 настай унаач хүү бэртсэн байна.
-Бид 12-оос доош насны хүүхдүүдийг огт бүртгээгүй. Гэтэл уяачид төрсний гэрчилгээн дээр хүүхдийн зураг байдаггүйг далимдуулж 12 нас хүрсэн хүүхдийн гэрчилгээ ашиглаж, унаач хүүхдээ бүртгүүлсэн нь тогтоогдсон. Өнөөдөр Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа 11 настай хүүхдийг Төв аймгийн уяач залуу 12 настай хүүхдийн гэрчилгээгээр бүртгүүлж уралдуулсан байгаа юм. Одоо эмчилгээтэй холбоотой зардлыг шийдэж өгье гэхээр даатгуулагч этгээд нь өөрөө биш учраас боломжгүй болчихож байгаа. Энэ хүүхэд нь хоёр жилийн өмнөөс хурдан морь унаж уралдаж байгаа болохыг тогтоосон.
11 настай хүүхдээр морь унуулсан уяачийг 100 мянган төгрөгөөр торгоно

-Засгийн газрын тогтоол зөрчсөн тухайн уяачид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Зөрчлийн тухай хуулиар хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц тоглоом наадамд оролцуулсан тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно.
-Хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байтал уяачийг 100 мянган төгрөгөөр торгох нь харьцангуй бага торгууль шиг санагдах юм?
-Бидний эрх хуулиар олгогдсон хэмжээ тийм л байна.
-Тэгвэл наадам зохион байгуулсан ММСУХ-нд ямар шаардлага хүргүүлэх вэ?
-Уралдаанд хууль бусаар хүүхдийг төлөөлж оролцуулсан уяачтай эхний ээлжинд хариуцлага тооцно. Цаашид ММСУХ-той морины уралдааныг ийм хангалтгүй түвшинд зохион байгуулахгүй байх талаар харилцан ярилцана. Мөн шаардлага хүргүүлнэ гэж бодож байна.
-Хориглосоор байтал ММСУХ-ноос зохион байгуулсан гэж хэлж болох уу?
-Бидэнд уралдааныг хориглох эрхзүйн статус байхгүй. Энэ удаагийн уралдаан Засгийн газрын тогтоолгүй явагдсан. Тавдугаар сарын 1-нийг хүртэл уралдаанд зөвхөн 12-оос дээш насны хүүхдийг оролцуулах тухай л тогтоол гарсан.
-Өвөл, хаврын уралдаан зохион байгуулагдахад танайд хэд хоногийн өмнө мэдэгдэж, харилцан ажилладаг уу?
-Энэ жил Дүнжингарав зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол гараагүй. Засгийн газрын тогтоолоор батлагдсан уралдаан, наадамд бид бэлтгэл ажлаа хангалттай хангаж ажилладаг.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ