Монгол ЦААЗЫН ЯЛтай орон болох уу

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс цаазын ялтай орон байх ёстой гэсэн байр сууриа аль хэдийнэ илэрхийлсэн. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тухайн үед Ерөнхийлөгч "Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой хэмээн мэдэгдэж байв. Ерөнхийлөгч зөвхөн санал гаргаад зогсоохгүй. ХЗДХЯ-нд хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн. Гэвч хуульзүйн яамнаас Ерөнхийлөгчид хариу өгөөгүй аж.
Тиймээс Ерөнхийлөгч энэ удаа хууль санаачлах эрхээ эдэлж, Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо.
Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан. Харин 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна.
Харин одоо сэргээх нийгмийн шаардлага байгааг Ерөнхийлөгч онцолж буй. Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг дурджээ. Мөн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой хэмээн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан албан бичигт өгүүлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний ам нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг. Ингэснээр Үндсэн хуулиараа цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтой ч салбар хуулиараа хязгаарлаж хаасан байдаг аж. Тиймээс хуульд өөрчлөлт оруулахаар Ерөнхийлөгч төсөл зүтгүүлж эхэллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ