Түдгэлзүүлэх заалтыг “сэргээнэ”

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ. Хаврын чуулган нээгдэхтэй зэрэгцэн прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татагдаж байгаа тул бүрэн эрхийг нь УИХ-ын тухай хуулийн 6.9. дэх заалтыг үндэслэн түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д ирүүлсэн байна. Мөн гишүүн Д.Гантулга ч өөрөө яллагдагчаар татагдсантай холбогдуулан бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д тавиад байгаа.
Харин ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн “6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгожээ. Дээрх заалтыг хүчингүй болгосонтой холбоотйо УИХ-ын тухай хуулийн “6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд" гэсэн заалт ч дагалдан хүчингүй болсон аж.
Нэгэнтээ хуулийн дээрх заалтууд хүчингүй болсон тул УИХ прокурорын ч, Д.Гантулга гишүүний ч хүсэлтийг хэлэлцэх хууль эрхзүйн үндэслэлгүй гэж үзэж, хуульд дахин өөрчлөлт оруулахаар хэлэлцэхээр болсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн. Харин УИХ дахь АН-ын бүлэг “Хууль тогтоох төрийн дээд байгууллага хуулийн мухардалд орно гэсэн ойлголттой байж болохгүй. Үндсэнх хуулинд “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх” заалттай. Тиймээс Үндсэн хуулиар бариад ажиллаж болно” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Сөрөг хүчний энэ байр суурьт эрх баригчид “Прокуророос ирүүлсэн бичиг “УИХ-ын тухай хуулийн 6.9 дэх заалтыг үндэслэн” гэж заасан учир хууль эрхзүйн үнэдслэлгүй гэсэн тайлбарыг манай хуульчид зөвлөж байна. Дээр нь ҮХЦ-ийн их суудлын хуралдааны шийдвэртэй УИХ танилцах үүрэгтэй, шийдвэрийг хэлэлцэн шийдвэрлэж, хүчингүй болгох хуулийн заалтгүй” гэсэн тайлбар хийлээ. Түүнчлэн “МАН-аас Д.Гантулга гишүүнийг хамгаалах чиглэл өгөгдөөгүй, бүх зүйл хуулийн дагуу явагдана гэдгийг МАН-ын бүлгийн дарга онцолж байлаа. Ер нь олон нийтийн дунд “эрх баригчид Хэнтийн 42 дугаар тойргийн нэг суудлаа хамгаалж үлдэх нь” гэсэн мессэж тараад байсан. Учир нь улс төрийн хүчнүүдийн, тэр дундаа эрх баригчдын рейтэнд унасан энэ үед Хэнтийн тойрогт нөхөн сонгууль явагдахад парламентад сөрөг хүчнээс бус гурав дахь хүчнээс төлөөлөл нэмэгдэх өндөр магадлалтай гэсэн таамаглал олон нийтэд байгаа. Гэхдээ энэ бүхэн Д.Гантулга гишүүний асуудлыг шүүх хэрхэн шийдвэрлэхээс шалтгаална.
Харин одоо хуулийн мухардалд орсон заалтаа энэ долоо эргэн засахаар УИХ ажиллаж байгаа юм билээ. Энэ хаврын чуулганаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хууль өөрчлөлт оруулахаар С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа бусад улс орны парламентын дэг, жаягийг судалж байгаа гэнэ. Гэхдээ яаралтай хэлэлцэх шийдвэр УИХ-ын тухай хуулийн хүчингүй болгоод байгаа 6.9 дэх заалт буюу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг эргэж сэргээхээр хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна.
Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан уг ажлын хэсэг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг тусгах төслийн нэмэлт өөрчлөлтдөө 2006 оны УИХ-ын тухай хуулийг баримтална гэж байна лээ. Тухайн үеийн хуулийн заалтаар Гишүүн эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттай баривчилсан бол гурван цагийн дотор бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг тус тус оруулах ажээ.
Ийнхүү энэ долоо хоногт дээрх хуулийг төслийг өргөн барьсанаар яаралтай хэлэлцүүлгээр хэлэлцэн батлах шийдэлд хүрчээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ