
Монгол Улсад шинэ Үндсэн Хууль батлагдсаны 20 жилийн ой тохиолдуулан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлага, албан хаагчид, шинэ үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Манай улс 1990-ээд оноос дэлхий дахины хөгжлийн хандлагыг харгалзан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд, нэг намын удирдлага бүхий улс төрийн тогтолцооноос олон намын оролцоо бүхий парламентийн засаглалд эргэлт буцалтгүй шилжиж, алс хэтийн хөгжлийн бодлогоо шинэчлэн тодорхойлж эхэлсэн тэрхүү мөч нь Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн хугацаатай давхцаж, улс орон маань хөгжлийнхөө шинэ шатанд гарч ирж байсан үе билээ. Энэхүү түүхэн мөчид Монгол Улсын төлөвлөлтийн байгууллагын төлөөлөл болсон Монгол Улсын гавьяат эдийн засагч, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБ Төмөр зам” нийгэмлэгийн дарга Т.Очирхүү, Улсын төлөвлөгөөний комисс болон орон нутгийн эдийн засгийн байгууллагуудад ажиллаж байсан ахмад эдийн засагч Н.Сэндэнжав, Н.Адъяажав, Б.Бядран, Ж.Даргахүү нарын депетатууд төр түшилцэж, шинэ Үндсэн хуулийг батлалцахад өөрсдийн мэдлэг, туршлагаа зориулж байсан юм . Эдгээр депутатууд тус хорооны хамт олонтой санал сэтгэгдлээ хуваалцаж, шинэ үндсэн хуулийг олон хоног оюун ухаанаа уралдуулж, дор бүрнээ саналаа уралдуулж, ёстой л олон ургальч үзэл бодлоор хэлэлцэн баталсан тухайгаа дурсан ярьж байлаа.
ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун зочидод дурсгалын зүйл гардуулж, хэлсэн үгэндээ анхны ардчилсан Үндсэн хууль батлахад гар бие оролцож, түүхэн үйл явдлын гэрч болсон ахмад депутат, шилдэг сэхээтэн, эдийн засагчид Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд цаашид ч бидний түшиг тулгуур, итгэлтэй зөвлөхүүд маань байна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ