Ө.Балжинням: Эрээний наймаачдаар өвөрмонголчуудыг төсөөлж болохгүй

img

ӨМӨЗО-ноос Монгол Улсыг зорин ирж Улсын Их Сургуулийн Утга зохиолын гуравдугаар дамжаанд суралцаж буй Өлзийбаатарын Балжиннямтай яруу найраг болоод, нутаг орон, залуусын соёл, сэтгэлгээний тухай ярилцлаа.

 

           

-Сайн байна уу? Аль нутгаас ирсэн бэ? Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

 

-Би ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны  Гахил сумаар нутагтай хүн. Манай сум Монгол Улсын Дорнод аймгийн Матад сумтай хиллэдэг.

 

-Монголд ирсэн сэтгэгдэл хэр байна вэ?

 

-Үнэхээр сайхан байна. Бид чинь хоёр зуугаас гурван зуун жилийн өмнөөс хилийн чанадад тасарснаас биш элэг нэгтэй, нэг туургатан улс. Тийм учраас надад харь улсад ирсэн шиг санагдахгүй байна. Хажуу сумандаа ирсэн шиг л санагдаж байсан.

 

-Алс холоос Ар Монголыг зорих шалтгаан юу байв?

 

-Шилийн голын Монгол дунд сургуулийг төгсөөд наашаа Монгол Улсын их сургуулийг зорьж ирсэн. Монгол Өвөрмонголыг бодвол утга зохиол нь илүү хөгжсөн. Мөн кирилл бичгээр олон ном, зохиол хэвлэгдэж гарсан. Тэр бүгдийг л үзэх гэж наашаа зорьж ирсэн.

 

-Тэр холоос ийм хүсэл өвөрлөж ирснийх утга зохиолд хайртай биз?

 

-Тэгэлгүй яахав. Би бага наснаасаа утга зохиолд хайртай. Монголын алтан үеийн яруу найрагчдын бүтээлийг багаасаа сонсож өссөн. Ер нь манайд монгол яруу найрагчдын бүтээл босоо бичигт хөрвүүлэгдэн их хэвлэгддэг. Тийм учраас би багаасаа л “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Мандухай сэцэн хатан” зэрэг олон романийг уншиж, түүгээрээ хүмүүжиж өссөн. Мөн О.Дашбалбар, Р.Чойном, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж зэрэг найрагчийн бүтээлийг уншиж, суралцаж 14 настайгаасаа шүлэг оролдож эхэлсэн. Тэгээд 17 настайдаа анхны шүлгийн түүврээ гаргаж байлаа. Сайн ном болж чадаагүй ч хэрэндээ л хичээж бичсэн шүлгүүдээ багтааж байлаа. Ер нь бол Монгол Улсын утга зохиол, яруу найраг маш өндөр хөгжилтэй шиг санагддаг юм. Тийм ч учраас энэ өндөр хөгжлөөс суралцах санаатай наашаа зүглэсэн хэрэг.

 

-Аав, ээжийгээ, нутаг усаа санаж байна уу?

 

-Саналгүй яахав. Манай аав ээж хоёр хөдөө мал малладаг. Аав, ээж хоёр маань Хятад хэл мэддэггүй юм. Монгол дээлээ өмсөөд, морио унаад, малаа маллаад л явж байгаа. Монгол хүмүүс очих юм бол гайхна. Тэд минь яг л Ар Монголын хөдөөгийн байдлаар л амьдарч байгаа даа. Ёс заншлаа ч алдаагүй. Овоо, усаа, тэнгэрээ тахидаг. Цагаан сараа тэмдэглэдэг. Ишиг, хургаа чихэлдэг /эмнэдэг/. Ямар л монгол соёл байна, бүгдийг нь аваад явдаг. Манай сум Дорнод аймгийн Матад сумтай хиллэдэг. Армонгол, Өвөрмонгол хоёр ард түмэн хоёр, гуравхан километрын наана цаана оршиж буй хэр нь бие биенээ мэдэх тухайд тэнгэр газар шиг зайтай юм. Монголчууд өвөрмонголчуудыг мэддэггүй. Өвөрмонголд нүүдэл соёл байхгүй болсон. Гэвч бид уртын дуугаа дуулаад, малаа маллаад явж л байна.

 

-Үзэмчин хошуу, Гахил сумынхаа тухайд сонирхуулвал?

 

-Гахил нь Чин улсын үед Үзэмчин бээлийн хошуу гэж байгаад ӨМӨЗО байгуулагдсаны дараа нэр нь янз бүрээр хувирсан боловч хүн ам, газар нутгийн хувьд хувираагүй ээ. Уугуул үзэмчин хүмүүс малаа маллаад амьдран суудаг жижигхэн сум бий. Манай сумын онцлог гэх юм бол бөх сайтай. Монголын Архангай аймаг шиг гэж болно. 1945 оны арванхоёрдугаар сард Маршил Х.Чойбалсангийн зөвшөөрлөөр хилийг нээсэн гэдэг.  Тухайн үед  Үзэмчин хошуу 9 сумтай байсны  6 сумын хэсэг ард наашаа нүүж орж ирсэн. Энд ирээд хэдэн сум болж бүрэлдсэн. Тэгэхээр Монголд хэдэн хамаатан минь байгаа болов уу.

 

-Монголд ирээд хөдөө орон нутгаар явж үзсэн үү?

 

-Өвөрхангай явлаа. Мэлхий хад үзсэн. Эртний их хаадынхаа бууринд хүрч үзэж, мөргөж адис авсан. Эрдэнэзуу хийдийн буурь, Хархорум хотын буурь юм билээ. Тэр бууринаас адис авсан. Надад маш их энерги ирсэн гэж бодож бэлгэшээж байгаа. Би Эрдэнэзуу хийдэд очоод мотоцикл гуйж аваад малчин хүмүүстэй уулзсан. Хөдөө эзгүйрсэн байна лээ. Хүүхдүүд нь хотод сурахаар явсан. Намайг үхсэн хойно ирэх байх гэж ярьж суугаа хүн ч байна билээ.

 

 

-Хөдөө эзгүйрсэн байна гэлээ. Монгол залуус хэт барууны соёлд ууссан шиг санагдаж байна уу?

 

-Монголчууд бахархалаа их умартсан шиг санагдсан. Би бүх оюутныг хэлж байгаа юм биш. Гэхдээ олонх нь надад тэгж харагдсан.  Би нэг найзтайгаа хамт явж байгаад “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг аялсан юм. Тэгсэн нөгөө найз маань “чи монгол дуу мэддэг юм уу” гэж асууж байсан. Мэднэ гэсэн чинь “Дуулж байгаа чинь ямар дуу юм бэ” гэхээр нь би нэрийг нь хэлээд чи мэддэггүй юм уу. Б.Лхагвасүрэн гуайн шүлэг шүү дээ” гэсэн чинь “Б.Лхагвасүрэн гэж танай Өвөрмонголын хүн юм уу"  гэж хариу асууж билээ. Үүнд би маш их хачирхаж, гайхсан. Өөрийнхөө үндэсний бахархал, том хүмүүсийг мэдэхгүй байна гэхээр эмгэнэлтэй шиг санагдсан.  Би анх кирилл бичгийг сурах гээд "Зовсон сүү" номыг хүнээр захиж авчруулж байлаа. Ер нь монгол залуучууд монголоосоо хөдөө ахуй, гэр тэрэг барих зэрэг нүүдэлчин ахуйгаасаа их холдож байх шиг байна. Даяаршил гэдэг юманд хэт автаж байгаа юм болов уу. Ер нь Өвөрмонголд ч гэсэн адилхан даа. Мэдэхгүй байгаа хүмүүст буруу өгөх хэрэггүй. Тэр орчноосоо хөндийрчихсөн юм чинь. Гэхдээ улс орон өөрөөрөө байж гэмээ нь оршин тогтноно. Хэт автчихвал уусах шахуу л болчих нь доо.

 

-Б.Лхагвасүрэн гуайг танихгүй байна гэдэг тоогүй юмаа.

 

-Б.Лхагвасүрэн гуайг мэдэхгүй байна гэдэг бол монголчууд бахархалаа мэдэхгүй байна гэсэн үг. Бахархалаа мэдэхгүй байна гэдэг маш их эмгэнэлтэй явдал. Би багаасаа Монголын уран зохиолыг маш сайн уншиж өссөн. Одоо ч би Монгол оюутан болсныхоо хувьд монгол ном уншдаг, монгол дуу сонсдог. Гэтэл Монгол оюутнууд монгол дуу нэг их сонсдоггүй. Бүгд гадаадын урлаг руу хандсан чиглэлтэй байна. Дээр нэг үе дуусч байна. Бидний аав ээжийн үе 40,50,70 гээд өнгөрлөө. Бидний үе ирнэ. Тийм учраас бид одооноос л өөрсдийн соёлоо гэхгүй бол бидний үе ирэхэд монгол дуугаа сонсдоггүй, ахуй амьдралаа мэддэггүй, соёл түүхээ мэдэхгүй юм бол монгол урлаг гэдэг юмны хүрээ маш жижигхэн болно. Тэгээд бидний доод үе ирэхэд бараг залгамжлах соёлгүй болох ч учир дутагдалтай. Бид дээдсээсээ маш их өв соёл өвлөж авсан. Тийм учраас түүнийгээ бид өөрсдийн биеэр өвлөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ дараагийн үедээ залгамжилж хүрнэ.

 

Өвөрмонголчууд түүхээ залгамжлах хэмжээнд авч явж байгаа юу?

 

-Би урдаас орж ирэхдээ Монгол газар нутгийг зорьж байна гэж бодсон. Ирээд бол өөр байхыг харсан. Монгол оюутнууд монголын түүх, монгол утга зохиол, урлаг соёлоо сонирхдог хүн маш цөөн юм билээ. Гадаадын урлаг, хэв маяг руу их хэлбийсэн шиг санагдаж байна. Өвөрмонголчуудад үндэсний ухамсар илүү, тэр нь сайндаа ч биш  нэг түгшүүр байдаг болхоор өөрийн юмаа илүү хамгаалж үлддэг. /бодлогширов.сур/. Үүнийг хамаагүй хэлээд дэмий биз дээ. Бид Цагаан сараар галаа тахидаг, овоогоо тахидаг. Залуучууд бүгд монгол түүхээ уншдаг. Тийм учраас түүх, соёлоо өндөрт авч явах гэж хичээдэг юм. Зарим монголчууд адуу унагалалаа гэж ярьж байхыг сонссон. Гэтэл гүү унагаладаг биз дээ.

 

-Муусайн өвөрмонголчууд гэж зарим нь шоглоно биз?

 

-Уг нь бол угсаа гарал нэгтэй улс. Даанч хүмүүс түүхээ мэддэггүй учраас буруу ойлголттой явдаг юм шиг байгаа юм. Түүхээ ахмадууд бол мэднэ. Харин залуу буюу 30-40 насны хүмүүс мэдэхгүй, оюутнууд бол бүр ч мэддэггүй юм билээ. Тэгэхээр буруу ойлголтоос болж гадуурхах үзэл үүсдэг болов уу гэж би боддог. Өвөрмонголчууд Ар Монголыг элэг нэгтэй гэж их дотно санаж явдаг. Би ирээд хал үзээгүй, хүмүүс намайг их сайхан хүлээж авсан. Ганцхан хүн л Хятад гэсэн.  

 

-Ингэж хэлэхэд нь эмзэглэнэ биз?

 

-Хүмүүс янз бүр л дээ. “Хөөрхий холын газраас эрдэм сурахаар иржээ” хэмээн сайнаар хүлээж авах хүн байна. Бас харь улсаас, Өвөрмонголоос ирсэн хэмээн нэг жаахан гадуурхах янзтай ханддаг хүмүүс байх ч, муусайн хятад гэж гадуурхах хүн зөндөө л байдаг юм. Тэглээ гээд яахав. Хүн болгонд нь тайлбарлаж явалтай нь биш. Монголчууд өвөрмонголчуудыг эрээний захын наймаачдаар төсөөлдөг. Аль ч улс орны захын наймаачид өөдтэй хүмүүс биш. Тэр шугамыг л даваад гарчих юм бол жинхэнэ монгол хүн, жинхэнэ монгол ахуй байдгийг мэдэх болно. 

 

-Монгол залуус боловсрол, сэтгэлгээний хувьд ямар байна?

 

-Боловсролын хувьд урдахтай бараг адилхан. Харин сэтгэлгээний хувьд нээлттэй юм билээ. Сэтгэлгээгээр бол биднээс давуу байх шиг байна. Яагаад гэвэл өргөн дэлгэцтэй биднээс маш өмнө холбогдсон учраас хүмүүсийн сэтгэлгээ нь их чөлөөтэй юм . Би үүнийг давуу тал гэж харж байгаа. Гэхдээ хүмүүс нь улс төрөө сонирхдоггүй. Бидний үеийн оюутнууд бол бүр сонирхдоггүй юм билээ. Монгол залуучууд Монголынхоо улс төрийг сонирхох хэрэгтэй гэж би боддог. Улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно гэж үг байдаг даа ардчилсан нийгэм гэдэг чинь хүн болгон оролцох хэрэгтэй. Тун удахгүй бидний үе ирнэ. Тийм учраас  Монголын ирээдүй Монгол оюутнуудын мөрөн дээр байна. Улс төрд хайнга хандах биш ирээдүйн төлөө одооноос эхлэх хэрэгтэй.

 

-Шилийн гол, Улаанбаатар хоёрт байгаа залуусын утга зохиолыг ойлгох өнцөгт ямар ялгаатай байна гэж чи харж байна вэ?

 

-Ялгаа байна аа. Учир нь оршиж буй нийгэм, амьдарч буй орчин нь өөр. Нийгмийн бүтэц нь өөр учраас хоёр газрын залуусын бодол, сэтгэхүй ондоо байдаг юм билээ. Өвөрмонголчууд монгол ахуйтай, амьсгаатай шүлэг илүү бичдэг. Яагаад гэвэл.../бодлогширов.сур/. Үүнийг яриад дэмий байх аа.  Харин энд ирээд залуусын шүлгийг уншихад Монгол ахуйтай шүлэг тун цөөхөн болчихжээ. Аль ч сэдвээр бичиж болно. Тэр бол хүний эрх чөлөө юм чинь. Гэхдээ бид чинь Монгол үндэстэн гэж бусдаас онцлогдож, ялгагддаг учраас тэр ялгаагаа бусдад харуулмаар байх юм. Оросууд Оросоо магтан дуулж бичдэг. Францууд Францаа магтан дуулж яруу найргаа бичдэг шүү дээ. Би ар, өвөр монголчуудад кирилл бичиг садаа болж байна гэж боддог. Бичиг нь өөр болохоор их хөндийрч байна. Хэрвээ монголчууд хуучин бичгээ сэргээвэл Монголд хэвлэгдэж байгаа бүтээлийг гурван сая биш долоогоос дээш сая хүн  уншина. Энэ нь аль аль талдаа сайн. Өвөрмонголыг харь соёлын нөлөөнөөс зохих хэмжээгээр аварч Монгол номын зах зээл нь өргөжинө.   

 

-Одоо хараад эмзэглэдэг юм байна уу?

 

-Байлгүй яахав. Монголчуудад нэг том дутагдал байдаг. Цаг барьдаггүй, хөдөлмөрч биш залхуу зан нь  ажлын бүтээмжид нь муугаар нөлөөлдөг.

 

 

-Чиний хувьд ямар сэдэвтэй ихэвчлэн шүлэг бичдэг вэ?

 

-Насныхаа онцлогоос болоод дээр нь өөрөө залуу хүн учраас одоохондоо янагийн шүлгээс дээш гарахгүй л байна. Миний хувьд эх орны шүлэг хүнд санагддаг юм аа. Хүн юу ойлгож байна түүнийгээ бичдэг. Эх орноо ойлгохгүй байна ч гэж юу байхав. Гэвч нялх, балчир байж том юм бичээд яахав гэж боддог. Одоо надад хамгийн ойр байгаа, өөрийн биеэр мэдэрч байгаа зүйл бол янаг дурлал. Тийм учраас янагийн шүлэг, дурлалын шүлэг илүү бичдэг.

 

-Сүүлын асуулт. Би очиж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Өвөрмонгол, Армонголын ах дүүсийн амьдралд ялгаа байна уу?

 

Хоёр тусдаа нийгэм юм болохоор ялгаа их байна. Өвөрмонголд малаа борлуулах зах, дэлгүүр их. Нэг сайн хонь 300 мянгад хүрнэ. Тугалтай үнээ 3 саяд хүрдэг. Тийм учраас өвөрмонголчуудын ахуй амьдрал Ар монголоо бодвол дажгүй ээ.

 

Ярилцсанд баярлалаа. Эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

 

Ярилцсан: З.Жамбал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хятадын элчин сайдын яам нь дээр сэтгэгдэл бичдэг хэдэн хүн байдаг гэсэн...
2018-04-12
Язгуур:
Язгуурын монгол бичгээрээ монгол хэлээрээ ярьж бгаа та нараас бид харин суралцмаар бн
2018-04-12
zochin:
Сайхан ярилцлага байна шүү. Мундаг залуу байна шдээ.
2018-04-12
Mgl:
Saikhan Mongol zaluu bna.Zuv setgeltei.Uvurmongolchuudaa muuah hereggui ee.ted muu bgaa bol bid ch bas tiim l gesen ug.Neg undesten uchraas.Sain muu tal ni adilhan l bgaa.
2018-04-12
өвөр монгол бол хүн биш
2018-04-12
Хятадын элчин сайдын яам нь дээр сэтгэгдэл бичдэг хэдэн хүн байдаг гэсэн...
Монгол хэл сурчихсан хятөдуудтай битгий андууррал даа ганц 2 удаа эрээн орчихоод өвөрмонголчуудтай уулзсан гэж бодоод байна уу үгүй э тэд нар чинь хятадууд
2018-04-12
энэ бол харах царайнаасаа сайн залуу байноо, гэхдээ өвөр монголчууд хятадаасаа доор өөдгүй, монголчуудыг шулах гээд дайраад байна тэгээд юу гэдэг гээч: -чи миний нутагт байна манайхаас зайл" гэж дайрч доромжилдог байхгүй юу, энэ үг хүний зүрхэнд шивдэг юм байналээ
2018-04-12
Монгол хэл сурчихсан хятөдуудтай битгий андууррал даа ганц 2 удаа эрээн орчихоод өвөрмонголчуудтай уулзсан гэж бодоод байна уу үгүй э тэд нар чинь хятадууд
Иргэн:
Үнэн ярьжээ. Нэг их том ярьж хүн доош хийсэн мөртлөө ном зохиол онт уншиж үзээгүй залуучууд олон байдгийг гайхаад байдаг юм. Зөв бодолтой сайхан залуу байна. Эх орноо магтсан зохиол бичнэ биз дээ
2018-04-12
кирилл үсэг холдуулж саад болж байна.солонгос хятад япон өөрсдийн бичигтэй атаархал үүнээс эхэлдэг.
2018-04-12
кирилл үсэг холдуулж саад болж байна.солонгос хятад япон өөрсдийн бичигтэй атаархал үүнээс эхэлдэг.
2018-04-12
Medne sh dee:
End irj pyaldagdaad tendee ochihooroo nuuree buruulaad muulj ugdug uudgui humuus dee , Neg ugsaatai gelee ch hun muutai hudal yaria n ihedsen surjin darjin humuus dee.
2018-04-12
өө:
Сүүлийн үед ӨвөрМонголын телевиз үздэг болсон Тодорхой илүү нуршааа байхгүй ЯГ хэрэгтэй зүйл ярьдаг.Монгол телевиз нэг зүйлийг тойруулаад элдэв үг түүж яриад үнэн залхмаар
2018-04-12
Насан:
Битгий ухаантай сайхан сэтгэлтэй болж жүжиглээ одоогын хуурамч монголчуудааа .сайн хэлүүл сайн гэнэ муу гэвүүл газар доор ортол нь муу хэлэн шүү наадуул чинь
2018-04-12
zochin:
Sonin l um bn.
2018-04-12
А.Амар гуай монгол барга бусад үндэстнээ авч үлдэх оролдлого хийгээд бүтэхгүй бсн үe бол саяхан шүү бид түүхийн халуун мөрөө хөрөөгүй гдгийг мартах ёсгүй.
2018-04-12
Биднээс илүү монголоо гсн улс бнаа бна. Энэ залуугын хэлдэг үнэн. Өвөр монголын дунд жинхэнэ цэвэр яридаг үндсээ авч үлдсэн шинжаан уйгар хөх нуурын монголчууд бдг эрээний ордосын өвөр монголчуудаар дүгнэж блхгүй шүү хөөрхий
2018-04-12
Эрээний Монгол хэл сурчихсан хужаааа нартай андуурах хэрэггүй ээ
2018-04-12
Зочин:
Уг натур нь сайн хүн байнао. Зовлон үзсэн хүн л эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгодог байх даа.
2018-04-12
еер монголчууд ч дээ. 2 нууртэй, 2 царайтай улс даа:
евер монголчууд хэцуу, барилгуй зантай, хувирамтгай
2018-04-12
Эрээний Монгол хэл сурчихсан хужаааа нартай андуурах хэрэггүй ээ
gegeeleg saihan medeee baina
2018-04-12
сайхан монгол эр байнаа
2018-04-12
pkxny:
сайн байна,манай зарим залуучуудаас илүү жинхэнэ монгол хүн байна.
2018-04-12