Д.Дэрмээ: Амьд хөгжмийг өндөр боловсролтой, мэдрэмжтэй хүмүүс сонсдог

img

“Чоно” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батбаяр буюу Д.Дэрмээтэй ярилцлаа.

 

 

-“Чоно” хамтлагийнхантай уулзаагүй удсан байна. Уран бүтээл туурвилгүй хэдэн жил өнгөрөв өө?


-Манай хамтлаг есөн жил уран бүтээлээс завсарласан байна.

 

-Гэхдээ дуучин Дэрмээ урлагаас хөндийрөөгүй. Өнгөрсөн хугацаанд хоёр ч цомгоо өлгийдсөн байх аа?

 

-Тийм ээ. Манай хамтлагийнхан хэсэг хугацаанд завсарласан хугацаанд миний хувьд уянгын поп чиглэлээр уран бүтээлээ туурвиж байлаа. Тиймээс “Чоно” гэдэг хамтлаг ор сураггүй алга болсон гэвэл өрөөсгөл ойлголт.

 

-Есөн жилийн өмнө “Чоно” хамтлаг олныг доргиодог, дурлуулдаг, огшоодог байлаа. Одоо тэгж хүлээж авах болов уу?

 

-“Чоно” бол чоноороо. Бид эрч хүчийг мэдрүүлнэ. Бид залуусыг байлдан дагуулж, эрч хүчтэй энерги бэлэглэх болно гэж амламаар байна.

 

-Монголынхоо язгуур урлагийг илүүтэй уран бүтээлдээ тусгахыг зорьж байгаа гэл үү?

 

-Надад монгол язгуур урлагийг рок, поп хөгжимтэй уялдуулан уран бүтээл туурвих хэтийн зорилго байна. Зорилгоо биелүүлэх эхлэл болгож “Уухай” хэмээх дууг хийж үзлээ. Бид Азиудаас урлагаа орчин үеийн хөгжимтэй хамтатган этник урсгалаар уран бүтээл туурвиж байж л ялгарна. Түүнээс урт гэзэг ургуулаад, уранхай жийнс, мангастай фодволк өмсөөд л дуулаад байвал захын бааранд тоглодог Филиппин хамтлагаас ялгарч чадахгүй. Бид Монгол үндэстэн угсаатан гэдгээ урлаг соёлоороо дамжуулан харуулах нь чухал.

 

 

-Рокууд ер нь яагаад урт гэзэг ургуулж, уранхай жийнс өмсдөг юм бол оо? Харахад сүрдмээр хэр нь уулзаад ярилцахад дотор нь их зөөлөн хүн “сууж” байдаг юм шиг санагддаг.

 

-Имиж л юм даа. Рок хөгжим, рокууд цугларсан газар гэхээр хүмүүс жаахан айдаг. Надаас хүмүүс  “Танай рокууд алчих юм биш биз дээ. Хар тамхи татдаг, булш ухдаг, түүхий мах иддэг гэсэн үнэн үү” гэж зөндөө асууж байсан. Үүнд би харамсч явдаг. Ийм ойлголтыг Монголд төрүүлж байгаа болчимгүй залуучууд байна. Амьд хөгжмийг маш өндөр боловсролтой, мэдрэмжтэй хүмүүс сонсдог гэж би ойлгодог. Үүнийг зохиодог хүмүүс бол  байгалиас заяасан өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Гэтэл манайхан эсрэгээр ойлгодог. Нийгэмд буруу ойлголт өгдөг хэсэг бүлэг хүмүүс байгаа.. Залуучууд урт гэзэг ургуулаад, уранхай жийнс өмсөөд метал хөгжим сонсоод л яваад байдаг. Амьд хөгжмийг хобби төдийд ойлгож болохгүй.  Урлаг болгон хөгжүүлж явах л шаардлага байна.

 

-Таныг рок попын дунд үеийн төлөөлөл гэж хэлж болно. Монголын рок, попын хөгжил аль түвшинд явна аа?

 

-Маш олон зүйлийг яримаар л байна. Миний харж байгаагаар дуучид, уран бүтээлчид маань хэт их энтертаймент тал руугаа орчихож. Амархан зүйлээр хүнд таалагдахыг хичээдэг болж. Эстрад урлаг нэг их өндөрт явна гэж би хэлж чадахгүй. Учир нь эстрад урлагийн төлөө бүхий л амьдралаа зориулсан багадаа 20 жил зүтгэсэн уран бүтээлчид маш олон байна. Харин өнөөгийн уран бүтээлч залуучууд тэдэн шиг хөдөлмөрлөж чадахгүй байна уу даа гэсэн дулимагхан сэтгэгдэл надад төрдөг. Поп дуучид ялангуяа страд урлагийг дахин шинээр мэндлүүүлэх хэрэгтэй. Уран бүтээлчид бүх юмыг бэлэнчлэх сэтгэлгээтэй, чанаргүй болж эхэлж байна. Миний харж, сонсож, мэдэрч байгаагаар залуучууд дэлхийд хит болоогүй Европ, Америк, Япон зэрэг орны уран бүтээлчдийн дууг яг хэвээр нь монголдоо оруулж ирж дуулаад байна. Энэ бүхнээс болоод Монгол эстрад урлагийн нэр хүнд унаад байгаа.

 

-Таны хэлдгээр шинээр гарч ирж байгаа залуу дуучид хуучны эсхүл гадаадын дууг хуулбарлаж дуулах тохиолдол их байна. Энэ нь уран бүтээлийг үнэгүйдүүлээд байх шиг?

 

-Хамгийн гол нь оюуны бүтээл хийх хэрэгтэй. Уран бүтэээлч хүн гэдэг үзэгч, олны үргэлж өмнө нь явах ёстой. Бас олон реалити шоунууд гарч байна. Энэ бүхэн эстрад урлагийг доройтуулж байна. Авах нь бий. Гэхдээ хаях нь зууны 80 хувийг эзэлж байна. Хөгжмийн хууль гэдэг юмыг гаргаж ирэхгүй бол Монголын хөгжмийн ертөнц энэ хэвээрээ л байна. Хөгжмийн хуультай болчихвол хүний дууг хулгайлж дуулахгүй хуулийн дагуу бүх юм эмц цэгцэндээ орно. Ингэснээр “Харанга”-ын Лхагваа ах, Сараа эгчийн дуулж амьдруулсан  "нандин" уран бүтээлүүдийг реалити шоунд оролцсон хэн нэгэн аль нэг албан газрын шинэ жилийн арга хэмжээнд 100 мянган төгрөгөөр дуулахгүй л байхгүй юу. Хууль байхгүй учраас ийм замбараагүй зүйл хийгээд байна. Үүнийг тэр залуу хүүхэд хийгээгүй. Зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүс хийгээд байна.

 

-“Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” дуугаа шинэчлэн дуулсан байна. Үүнд ч  иргэд таатай хандахгүй, өмнөх хувилбарыг нь илүүд үзэж байх шиг?

 

-Сошиалаар зарим хүмүүс хуучин хувилбараасаа муухай болчихож гэж л байна. Уралдахдаа голно биш. Хуучин нь эсхүл орчин цагийн хувилбар нь сайн уу гэдэгт бид ач холбогдол өгөөгүй. Энэ бол нэгдэл. “Никитон” хамтлагийн гитарчин Чинбат, дуучин Баярцэцэг, “Хурд” хамтлагийн дуучин МУГЖ Д.Төмөрцог, Д.Отгонбаяр ах минь гээд нийтдээ таван хүний бүрэлдэхүүнтэйгээр симфони, сонгодог хэлбэрт оруулж хөгжмийн найруулгыг шинэчилсэн. Ингэж хийж болно гэдэг зүйлийг л гаргахыг эрмэлзсэн. Бас “Бүтээнэ, сөнөөнө” дууг “Хар сарнай” хамтлагтай хамтран дууллаа. Мөн л өмнөхөөсөө дор болчихож гэж шүүмжилж байна. Ингэж яримааргүй байна. “Хар сарнай”-г рок болгож болдог юм аа гэдгийг л харуулах гэсэн юм.

 

-“Хүсэл” дуугаа ч шинэчилсэн. Энэ дууны үг, аяыг бичсэн С.Ишхүү уран бүтээлчийг нэхэн дурсахыг үргэлж хүсдэг. Гайхмаар сод авьяастан байсан даа.

 

-Ишхүү ахынхаа хойноос би их харамсдаг. Тэр хүний зохиосон аялгуу агуу. Миний “Зөрөг цэцэг”, “Хүсэл” гэх хоёр дууны аялгууг зохиож өгсөн. Бурхан болохынхоо өмнө “Ятгын эгшигтэй ижий” гэх сайхан ээжийн тухай дуу зохиож өгсөн. Би тэр дууг хадгалаад байгаа. Удахгүй уран бүтээл болгоно. Эгэл жирийн ая зохиогч байсан даа. Зохиосон аялгуу нь маш удаан оршин тогтоно гэж би хардаг. Даанч залуу даа буцчихсан. Дуулуулсан дуу бүхэнд нь ард түмэн хайртай байдаг. CD гээ гаргахсан гэж надад их ярьдаг байсан даа. Маш олон дуучдаар ах нь өөрийн ертөнцөө дуулуулмаар байна гэж байсан.

 

 

-Таны ижий аав  жирийн л төмөр замчид. Тэгтэл арван хөвгүүнийх нь ихэнхи нь урлагийн хүмүүс.  Танай удамд урлагийн хүн байв уу?

 

-Аавд маань авьяас гэх юм бараг байхгүй дээ. Харин ээж маань бага залуудаа төмөр замчдаа төлөөлөөд урлаг соёлын бүхий л үйл ажиллагаанд оролцоод нүүр царай нь болоод явдаг байсан. Одоо ингээд харахад ээжийн талд дуу хууртай хүн олон байсан юм билээ. Ээжийн маань ах сайхан уртын дууч байсан. Ээжийн талд л урлагийн “юм” байж дээ гэж ярьдаг юм бид.

 

-Шинийн нэгний өглөө рок хөвгүүд нь хадаастай савхиа тайлаад дээл өмсөөд ижий аавдаа золгодог байхдаа гэж бодохоос сониуч зан хөдөлдөг юм.

 

-Манайх 10 хүү нэг охинтой. Нэг хэсэг бүгд уран бүтээл туурвиад л эд бужигнаж байх үедээ яак, жийнс, савхи өмсөөд л явцгаадаг байлаа. Одоо бол тэр бүр өмсөхгүй. Мэдээж цагаан сар, наадмаар монгол цамц өмсөнө. Монгол эр хүн ямар байх ёстой тэр бүгдийг ижий аав, найз нөхөддөө харуулахыг хичээдэг. Би монгол цамцтай жил бүрийн цагаан сарыг угтдаг байсан бол энэ жил дээл хийлгэж өмсөөд золгосон.

 

Ах нараас нь Ганбаяр, Отгонбаяр хоёр олонд илүү нээлттэй. Харин Төмөрцог ах нээлттэй биш. Тиймдээ ч фэнүүд нь түүний дотоод ертөнцийг ихэд сонирхдог. Та ахынхаа тухай яриач?

 

-Манай Цогоо ах энгийн даруухан яг л нийгэмд харагдаж байгаа шигээ хүн дээ. Нэг их тэгж хүнтэй юм ярихгүй. Өөрийн гэсэн ертөнцтэй. Бүх амьдрал нь гадагш нээлттэй биш, дуугуй хүн.

 

-Алдаа гаргаад ах нартаа загнуулж явсан үе бий биз?

 

-Амьдралд алдахгүй хүн гэж байдаггүй. Би том зүйл дээр алдаагүй. Гэхдээ бага залуудаа, эд уран бүтээл туурвиж явахдаа архийг хэтрүүлэн хэрэглэсэн үе бий. Энэ бүх уран бүтээлчдэд тохиолддог. Би тодорхой хугацаанд архи гэдэг зүйлийг хэрэглэсэн. Гэхдээ  өөрийгөө татаа д больчихсон. Болдог л юм билээ. Шалдаа буутлаа архинд орчихсон юм биш л дээ. Үүнээс болоод ижий аавдаа, ахдаа загнуулах үе надад байсан. Энэ аль ч уран бүтээлчийн хувьд тохиолддог зүйл. Залуу уран бүтээлчдэд хандаж хэлэхэд уран бүтээл туурвиад олон хүн хүрээлээд ирэхээр архи заавал дагаж байдаг. Миний хувьд хар тамхи гэдэг зүйлээс ангид, хол байсан. Архийг зүй бусаар хэрэглэж, зохисгүй үйлдэл гаргах үе байсан.

 

-Удахгүй болох гэж буй тоглолт бидний уулзах шалтаг байлаа. Ярилцлагын төгсгөлд тоглолтын талаар мэдээлэл өгөх үү?

 

-“Чоно” хамтлаг эргэн нэгдээд тоглолт хийх болсон нь бидэнд болон биднийг сонсдог залуучуудад маань сайхан санагдаж байгаа болов уу. Тоглолт энэ сарын 20-нд “Crocus Event Hall”-д болно.Тоглолтын хэв маягыг чөлөөтэй, доргио байлгах  үүднээс “босоо” зохион байгуулахаар бэлтгэж байна. Бөмбөрчин Батбаяр, аргил гитарчин Энхбаатар, миний бие тоглолтод оролцоно. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан уран бүтээлд хамтран оролцсон уран бүтээлчид тоглолтод ирж ая дуугаа өргөнө. Концертын дараа бид шинэ цомог, уран бүтээл, клипийн ажилдаа орно.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бас архи уусымуу тээ ккккк залуу насандаа амьдралын бүх сайн сайхныг амтлах хэрэгтэй архи тамхи секс
2019-11-24
хөөрхөн хүүхэд
2019-11-24
hahahah:
ulaan hatsralsan muu orc
2018-04-12
hhah:
shaadag pizda we
2018-04-12