Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ямар ч хүнд суртал гарахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Дараагаар нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж, олон улсын хэмжээнд авто тээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа юм.
Сүүлийн хоёр жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98 орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг авто тээврээр гүйцэтгэжээ. Тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардпага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүссэн байна.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурж, баталгаажуулжээ.
Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх гэнэ. Засгийн газар хоорондын энэхүү гурван талт хэлэлцээр соёрхон батлагдсанаар:
· Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ.
· Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө.
· Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.
· Авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АНЗ болон АН4 авто замд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэх юм байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Энэ гэрээ соёрхол амьдралд хэрэгжих бодитой тооцоо байна уу. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа, холбоог шалгасан уу. Төрийн байгууллагын хүнд суртлыг хэрхэн давах вэ?
ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд:
-Орос, Хятад хоёрын хооронд явж байгаа худалдааны эргэлт 20-25 тэрбум ам.долларт хүрнэ. Монголын Улсын гадаад хуралдаа 9 хувиар нэмэгдэнэ. Бусад тээвэр зууч, логистикийн төв ашиглалтад орохоор 4000 гаруй ажлын байр нэмэгдэнэ. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг 8-9 дүгээр сард эхлүүлнэ. Ингэснээр Замын Үүд, Алтанбулагийн ачаалал нэмэгдэнэ. Тиймээс замын шинэчлэлийн ажил хийгдэнэ. Бид автозамын хураамж тээвэрлэлттэй холбоотой төлнө. Өөр төлбөр байхгүй. Коридоруудаа бид өргөжүүлэн хөгжүүлж, Европын улсуудтай хэлэлцээ хийж байна хэмээн албаны хүн хариуллаа. ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл:
-Ямар ч хүнд суртал байхгүй. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа.
Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар хуулийн төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар санал дэмжигдэв.
Дараагаар нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрөллөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ