Г.Занданшатар мэдээлэл хийж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж байна. Музей болон түүхийн үнэт дурсгалт зүйлийн хамгаалалтын талаарх гишүүний асуулгад хариулж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "1996-1997 оны улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогоор нийт 23 ширхэг үзмэр алдагдсан. 1997-2007 оны хооронд улсын тооллого хийгдээгүйн улмаас музейн үзмэрүүд алдагдсан 40 гаруй тохиолдол гарсан гэх мэдээлэл байна. 2007-2008 оны улсын тооллогоор 19 музейгээс хулгайд алдагдсан 141 ширхэг, 24 музейгээс дутсан 3106 ширхэг, 8 музейн солигдсон 22 ширхэг, 18 музейгээс бусад байгууллагад шилжүүлсэн, устгасан 1757 ширхэг, 28 музейн 6373 ширхэг үзмэр тухайн музейн сан хөмрөгт байхгүй үрэгдсэн нь тогтоогдсон. Соёлын үнэт өв болох музейн үзмэрүүд, түүх соёлын дурсгалт зүйлс алдагдсан тохиолдлууд, гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй олон гэмт үйлдлүүдийн ихэнх нь хэдийд, хэн үйлдсэн тухай мэдээлэл байхгүй, зарим нь хууль хяналтын байгууллагад шилжсэн боловч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жил тутамд, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран зохион байгуулна” гэж заасны дагуу БСШУСЯ, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран 4 жил тутамд соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг зохион байгуулах үүрэгтэй. Гэвч 2012 онд тооллого хийсэн гэх мэдээлэл байгаа ба 2016-2017 онд хийгдэх байсан улсын тооллого одоог хүртэл зохион байгуулагдаагүй байна.
2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын комисс 40 музейд шалгалт хийх үед нийт музейн 94.7 хувь хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөл бүрдсэн сан хөмрөгийн өрөөгүй, 63.2 хувь музейн барилга, байгууламж дах үзүүлэнгийн танхим нь нийтэд үйлчлэх шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хамгийн эртний музей болох Чойжин ламын сүм музейн барилгууд 1908 онд баригдсан. Тус музейд “Барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд одоог хүртэл бүрэн шинэчлэлт, сэргээн засварлах ажил хийгдээгүй. Агааржуулалтын системгүй, театрын музей зориулалтын телекамер бүхий дохиололгүй, аюулгүй байдлыг хангах үүднээс гал, хулгайн дохиолол нь гэрээт буюу цагдаагийн байгууллагатай холбогдоогүй, гамшгийн үед хэрэглэх нөөц хаалгагүй, аврах төлөвлөгөөгүй зэрэг музейн барилгатай холбоотой алдаа дутагдал их байна. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар Байгалийн түүхийн музейд 2007,2010,2012 онд “Бүрэн шинэчлэл, засвар” хийх шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй бөгөөд 2014-2016 онд Байгалийн түүхийн музейн байрны дээврийн хэсэгт нуралт үүссэн тул мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлт гарч үйл ажиллагааг зогсоосон. Газар хөдлөлт, байгалийн гамшиг зэрэг байгалийн давагдашгүй зүйлсийн хүчин нөлөөгөөр түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын үнэт өв бүхий үзмэрүүд сүйдэх, үрэгдэх эрсдэлтэй тулгарч буй тул барилгын чанар, аюулгүй байдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон музейн барилгуудыг нэн яаралтай шинэчлэн засварлах шаардлагатай гэж үзэж байна.
2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан “Соёлын өвийг хамгаалах тухай” /Шинэчилсэн найруулга/ хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд соёлын өв, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон ажлууд болон тэдгээрийн үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл нэн даруй өгөхийг Танаас хүсч байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Танд дараах асуулгыг тавьж байна.
- Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Соёлын өвийг бүртгэх журмын хэрэгжилтийн байдал, тус хуулийн 26 дугаар зүйлд заасан Соёлын өвийн улсын тооллогын мэдээллийн тухайд 2016-2017 онд хийгдэх байсан улсын тооллого яагаад хугацаандаа зохион байгуулагдаагүй, “2012 оны улс, орон нутгын музейн сан хөмрөгийн улсын тооллогын нэгдсэн дүн”-д ямар арга хэмжээ авсан тухай;
- Түүх, соёлын хөдлөх зарим дурсгалт зүйлс хувь хүмүүсийн хууль бус эзэмшилд байгаа ба үзмэр, дурсгалт зүйлсийг эргүүлэн авах, нийтийн өмчийн соёлын биет өвд бүртгэх, сэргээн засварлах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийгдэх ажлын тухай;
Тухайлбал, Монгол улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан Т.Ганди нь 2015 оны 4 дүгээр сард манай улсын соёлын үнэт өв болох Өндөр Гэгээн Занабазарын бүтээсэн “Аюуш” бурханыг Монгол улсад хүлээлгэж өгсөн бөгөөд энэ бурхныг соёлын өвд бүртгэж авсан эсэх, одоо хаана хадгалагдаж байгаа тухай;
- Соёлын биет өвийг өмчлөгч иргэд, хуулийн этгээдүүд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан үүргээ биелүүлж байгаа эсэх, тухайн иргэд, хувийн цуглуулагчид хадгалалт, хамгаалалтын буюу стандартын шаардлага хангасан орчин, нөхцөл бүхий музей, галерей байгуулсан, зохих журам, шаардлагын дагуу үзмэрүүдээ хадгалж байгаа эсэх;
- Хулгайд болон гадаад улс орнууд руу олон улсын үзэсгэлэнд илгээсэн нэрийдлээр алдагдсан, сэргээн засварлах боломжгүй байсан тул устаж үрэгдсэн гэх зэргээр алдагдсан тохиолдлууд, гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй олон гэмт үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагууд хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэх, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Өмнөговь, Увс зэрэг аймгийн музей болон Өвөрхангайн Хархорины Шанхын хийдээс алдагдсан нэр бүхий үзмэрүүд олдсон эсэх, цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэх;
- Соёлын өвийг хамгаалах тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийсэн үр дүн, мэдээллийн тухай;
- Соёлын өвийг сэргээн засварлах ажиллагааг эрчимжүүлэх талаар хийгдэж буй ажлын тухай;
- Барилгын чанар, аюулгүй байдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон музейн барилгуудыг хэдий хэр хугацаанд шинэчлэн засварлах, шинэчилж засварлахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг улсын болон нийслэлийн төсөвт тусгасан эсэх тухай;
- Соёлын өвийг өвлөн уламжлагчдыг хэрхэн урамшуулж байна, “Соёлын өвийг хамгаалахад идэвх санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам” буюу Засгийн газрын 2017 оны 343 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай;
- Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалтыг эрс сайжруулах, зориулалтын барилга, сан хөмрөгтэй болгох, музейн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, менежмент, маркетингийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай" асуулгыг Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ