“Трафигура” компани хуурамч шатахуун үйлдвэрлэж байна

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын зах зээлд хуурамч шатахуун худалдаагдах болсон талаар мэдээлэв. Хэвлэлийн хуралд тус холбооны тэргүүн О.Бямбадэлгэр, удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр нарын хүмүүс оролцлоо.
Монгол Улсад гадаадын болон дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг байна. Нефтийн туслах бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 мянга гаруй тонныг оруулж ирдэг аж. Тухайлбал 2016-2017 онд керосин 89663 тонн, нафта 17022 тонныг Монгол Улсад оруулж иржээ. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун үйлдвэрлэж байгааг “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны тэргүүн О.Бямбадэлгэр хэлэв.

Тэрбээр “Нэмэлт бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун үйлдвэрлэх нэг шалтгаан нь гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлт юм. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “найруулах” нь компаниудад ашиг орлоготой бизнес болчихоод байна. Нефть боловсруулах үйлдвэр баригдахаас өмнө нэмэлт бүтээгдэхүүн “найруулах” бизнес хүчээ авч бүтээн байгуулалтыг гацаах үндэс боллоо. Нэмэлт бүтээгдэхүүн “найруулах” бизнесийн цаана үндэстэн дамнасан компани, улс төрийн томоохон бүлэглэл байна. 2016-2017 оны хооронд Засгийн газар 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс гаалийн болон онцгой албан татвар авсан бол нийтдээ 60 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрөх байсан. Үүгээр төсвийн алдагдал, багш, эмч нарын цалинг нэмэх бололцоотой бид үзэж байна” гэв.
Тэрбээр Нийслэлийн Багахангай дүүрэгт байрладаг “Трафигура” компани хуурамч шатахуун үйлдвэрлэж байгааг хэллээ. Уг компани нь дэлхийн 36 оронд салбартай. Нефтийн химийн бүтээгдэхүүнийг холих эрхтэй ч зарах борлуулах эрхгүй компани аж. Уг компани нь керосин, нафа зэрэг нефтийн туслах бүтээгдэхүүнийг 70 хувь, дизель түлшийг 30 хувиар холин найруулж, зах зээлд шатахуун нийлүүлж байгаа гэдгийг мэдэгдэв.
Жолооч Ж.Лхагваа “Төв аймгийн Баян сум буюу төмөр замын Мааньт зөрлөгт байрлах шатахуун түгээх станцад дизель түлш харьцангуй хямд буюу 1400-1500 төгрөгийн үнэтэй байна” гэв. Хуурамч түлш нь дизель автомашины аппаратур эвдрэх гол хүчин зүйл болдог байна. Мөн агаарын бохирдлын 10-30 хувийг бий болгодог аж.
Хуурамч түлш нь:
- Үнэртэй
- Саарал өнгөтэй байдаг аж.

Керосин, нафта зэрэг бүтээгдэхүүн нь хагас боловсруулсан нефтийн нэмэлт бүтээгдэхүүн учир онцгой албан татвар ногдуулах нь зөв ба татвар ногдуулсан тохиолдолд 2016 онд 27 тэрбум төгрөг, 2017 онд 30 тэрбум төгрөг тус тус онцгой албан татварын орлогод төвлөрүүлэх боломжтой байсан гэдэг тооцоог гаргажээ. Иймд “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос дараах шаардлагыг гаргасан байна. Үүнд:
- Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнүүдэд гаалийн болон онцгой албан татвар ногдуулах, чанар стандартыг хангуулах
- Өнгөрсөн жилүүдэд дээрхи гаалийн болон онцгой албан татварыг төлөгдөөгүй үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэхэд зохих хяналт шалгалт хий
- Нефтийн нэмэлт бүтээгдэхүүний борлуулагдсан байдалд шалгалт хийж шатахуун хэрэглэгчдийг хохироосон аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг нэн даруй барьж, ашиглалтад оруулах
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ