Ким Чен Уныг дайлах хоолны цэсээ Сөүл танилцууллаа

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар энэ сарын 27-ны өдөр цэрэггүй бүс Панжумон тосгоны Найрамдлын ордонд уулзах билээ.
Уг уулзалтад Сөүлийн тал ихээхэн ач холбогдол өгч буй юм. Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өнгөрсөн 2011 онд төрийн эрхийг авснаасаа хойш Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй уулзаагүй билээ.
Тэгвэл Өмнөд Солонгосын тал түүхэн уулзалтын үеэр Хойдын залуу удирдагчийн зооглох хоолны цэсийг албан ёсоор танилцууллаа.
Энэхүү хоолны цэсийг зохиохдоо өнгөрсөн 2000, 2007 онд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Хөх ордны тэргүүн асан Ким Дэ Жун, Ро Му Хён болон хоёр улсын бизнес харилцааг анхлан эхлүүлсэн “Хьюндэй” группын үүсгэн байгуулагч Чун Жү Ёнтой холбоотой материалууд дээр үндэслэн бүтээсэн байна.
Удирдагч нар Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн архи уухаас гадна Хойд Солонгост үржүүлсэн үхрийн мах идэж, Ерөнхийлөгч асан Ким Дэ Жуны төрсөн арлаас агнасан галууны мах болон Ро Му Хёныг оршуулсан газраас холгүй тариалангийн талбайгаас хураасан будааг зооглохоор болсон байна.
Гол хоол болон амттан дээр хоёр Солонгосын нэгдлийг харуулсан газрын зургийг шигтгэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ