Газраа ҮНЭГҮЙ өмчлөөрэй

УИХ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацааг 10 жилээр сунган баталлаа. Анх 2003 онд уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д 7 удаа нэмэлт өөрчлөлт орсон ба үүний хоёрт нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацааг тав, таван жилээр сунгаж иржээ.
Хууль хэрэгжиж эхэлсэн эхний таван жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилж авсан байна. Харин нийт 10 жилийн хугацаанд иргэдийн 17.57 хувь нь газраа өмчилжээ. Энэ нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлсэн үзүүлэлт. Үүнд хууль тогтоогчид шүүмжлэлтэй хандаж байлаа. Газар өмчлөлийн хуулийн хэрэгжилт хангалтгүй үзүүлэлттэй гарсан нь төрийн байгууллагын хүнд сурталтай ч холбоотой. Иргэдэд түргэн шуурхай үйлчилдэггүй, хүнд сурталтай, авлига авдгийг олон нийт байнга шүүмжилсээр ирсэн.
Улаанбаатар хотод шилжилт хөдөлгөөн, их, хүн амын 3/1 нь улсын нийслэлдээ төвлөрсөн энэ үед иргэд газрыг үнэгүй өмчилж авахаас хойрго хандна гэвэл худал. Гэр хороололд ч, орон сууцанд ч залуу гэр бүл аав, ээжийнхээ хажууд, тусдаа гарч чадахгүй амьдарсаар байгаа. Харин төрийн байгууллагын хүнд суртлаас гадна төр, засгаас олгож байгаа үнэ төлбөргүй өмчлөх газрын байршил алслагдмал, хурдан хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, амьдралаа өөд татах нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаатай холбоотой.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших улсын хүн амын тоог он тус бүрээр тодорхойлж газар өмчлөгч иргэдийн тоотой харьцуулан үзэхэд 2009 болон 2012 онуудад тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин газар өмчлүүлэх хугацаа дуусах үед газар өмчлөл эрчимждэг байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авсан байна.
Ийнхүү УИХ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгалаа.
Гэхдээ газрын иргэнд нэг удаа өмчлүүлэхдээ дэд бүтэц хөгжөөгүй хэсэгт санал болгодог, эдийн засгийн эргэлтэд өнөөг хүртэл ороогүй орхигдож байна гэсэн шүүмжлэлийг хууль тогтоогчид хэлж байсан. Тиймээс холбогдох яамнаас газрын асуудлаар багц хуулийн төсөл боловсруулан оруулж ирэхээ мэдэгдэж байлаа. Тэр дундаа газрын үнэ тогтоох хууль тэртээ 1997 оны ханшаар хэрэгжиж байгааг яаралтай өөрчлөхөө шаардлагатайг хэлж байсан.
Нөгөөтэйгүүр өнөөгийн тогтоосон иргэнд өмчлүүлэх 0.07 га газар тариалан, фермер эрхэлж болдоггүй, хэмжээг нь нэмэх хэрэгтэй гэсэн санал ч хууль тогтоогчдоос гарч байлаа.
Ямартай ч газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг өнгөрсөн хугацаанд ч ярьсаар ирсэн ч амьдрал дээр хэрэгжээгүй өнөөг хүрлээ. Тиймээс ирэх 10 жилд иргэдийн газраа өмчлөн авах идэвхийг сэргээхийн тулд иргэний газрыг үнэд хүргэх эдийн засагтай нь уялдуулсан бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэх биз ээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ