М.Энхболд:Цахим аюулгүй байдлаа төр өөрөө хангах хэрэгтэй

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Цахим бодлогын түр хороо байгуулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Хөгжлийн шинэ эринд гарах, уул уурхай тулгуурласан бодлогоос технологид тулгуурласан бодлогыг нээх боломж байгаа юм. Газарзүйн, цаг уурын, хүн амын тухайд бидэнд давуу зүйл байна. Цаашдаа энэ нь миний төсөөллөөр түр хороо биш УИХ-ын байнгын хороо болж өргөжих байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Цахим бодлогын түр хороо байгуулах үндэслэл дээр “УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим бодлогын асуудлыг шалган судалж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо байгуулна” гэсэн байна. Эндээс харахад судалж, санал боловсруулж, үр дүнг танилцуулах түр хороо байх нь. Энэ чиг үүргийнхээ хүрээнд явах уу эсвэл салбар, яамд, Засгийн газар, аймгийн ажил руу, тэр байтугай хувийн компани руу явах уу. Төрийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, баялаг бүтээхийг хурдасгана гэсэн санаа зорилго нь зөв. Хэт зохицуулалт, эрх үүрэг аваад явчих уу.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-УИХ-ын хуульд заасны дагуу түр хороо байгуулж болно. Ингэхдээ чиг үүргээ хэрэгжүүлэхдээ байнгын хороотой адил эрх үүрэгтэй байна. Хамгийн гол нь хөгжлийн гарц, боломжийг судлаад, хэрхэн хэрэгжүүлэх шийдлийг тодорхойлж, УИХ-д танилцуулна. Ингэхдээ хувийн хэвшилдээ танилцуулна. Нэг жилийн хугацаа богино, дээд зэргээр судалж, асуудлыг гаргаж ирнэ гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Хамрагдаж байгаа хүрээн дотроо ямар ажлуудыг хийх вэ? Эмнэлгийн очероо гар утаснаас авчихдаг. Банк ороод байх шаардлагагүй бүх үйлчилгээг гэрээс хийдэг гээд дэлхийн хөгжилтэй орны дагуу манай улс явах болсон. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Дэлхийн 10-аад оронд кибер орчныг ашигласан төрийн эргэлт гарсан түүх байгаа. Цаашдаа улс үндэстний аюулгүй байдлыг тогтоож харах хэрэгтэй. Манайх гаднын сервирийг ашиглаж цахим ертөнцөд орж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Бид өөрсдийн эдийн засгийг дэлхий нийттэй уялдуулахын тулд чадавхитай байх ёстой. Төрийн нууцтай холбоотой асуудлаар ТЕГ үүрэг гүйцэтгэж байгаа. ЗХЖШ дээр кибер аюулгүй байдлыг хангах алба үүсээд эхлэл төдий байна. Бид хүнээ сургах, бэлтгэх хэрэгтэй, тэгж байж өөрсдийгөө хамгаална. Төрийн яамд хоорондын мэдээлэл авах түвшин туйлын уялдаагүй. Энэ нь өөрөө эргээд улс оронд аюул учруулах хэмжээнд нурчихсан байна.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
-Түр хороо байгуулахад хэдэн санаа оноо хэлье. Хугацаа зааж түр хороо байгуулж болохгүй байх. Зорилтыг нь дэвшүүлж өгөх хэрэгтэй. Хугацаа заагаад өгөхөөр хальт, мульт зүйл хийж магадгүй. Төрийн үйлчилгээг цахимжуулан шуурхай болгох, тэр хүрээнд нэгдсэн программаар хангагдах нь зорилтын нэг байх хэрэгтэй. Салбар салбарт өөр өөр компаниудаас үйлчилгээ авч байна. Аюулгүй байдлаа төр өөрөө хангадаг байх хэрэгтэй. Цахим мэдээллийн аюулгүй байдлын хууль эрхзүйн орчны төслийг түр хороо боловсруулах хэрэгтэй. Цахим мэдээллийн аюулгүй байдлыг улс орны хэмжээнд бий болгоход мэргэшсэн хүмүүс ажиллах хэрэгтэй.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Цахим бодлогын түр хороо байгуулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ