ДЭМБ: Агаарын бохирдол жилд 7 сая хүний аминд хүрч байна

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага /ДЭМБ/ олон улсад хамгийн их тулгамдаж буй агаарын бохирдолтой холбоотой шинэхэн тайлангаа танилцууллаа.
Уг судалгаанд “дэлхий дээр амьдарч буй 10 хүн тутмын 9 нь бохир агаараас амьсгалж, эрүүл мэнддээ эрсдэлд оруулж байна” хэмээн дурьджээ. Мөн ганцхан жилийн дотор агаарын бохирдлын улмаас 7 сая хүн амиа алдаж буйг мэргэжилтнүүд тогтоосон байна. Мэргэжилтнүүд тайлангаа гаргахын тулд дэлхийн 108 орны 4300 хотод судалгаа явуулж, эцсийн тайлангаа гаргажээ.
ДЭМБ-ын Нийгмийн эрүүл мэндийн салбарын захирал Мария Нейра “Агаарын бохирдол олон улсыг заналхийлж байна. Авто осол бусад хүчин зүйлсээс илүүтэй хүн төрөлхтөн агаарын бохирдлын улмаас амиа алдах нь нэмэгдлээ. Жил ирэх тусам агаарын бохирдолтой хотуудын тоо нэмэгдэж байна. Энэ бүхэн бидний санааг туйлаас зовоож байна” хэмээн мэдэгдэв.
Ази, Африкийн агаарын бохирдол хяналтаас хэдийнээ гарч, иргэдийн амь насанд заналхийлж эхэлжээ. Агаарын бохирдлын улмаас шинээр мэндэлсэн хүүхдүүд тархины хөгжил дутуу зэрэг согогтой мэндлэх нь нэмэгдсэн байна.
2016 онд агаарын бохирдлын улмаас олон улсад 4.2 сая иргэн амиа алджээ.
Хамгийн их агаарын бохирдолтой хотоор Пакистаны Пешавар, Равалпинди, Энэтхэгийн Варанаси, Канпур, Египетийн Каир, Саудын Арабын Аль Жубаил хотууд оржээ. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо 17-р байранд орсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ