Хүүхдийг хамгаалалтын суудалд тээвэрлэе

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ЦЕГ, ЗЦА, НЭМҮТ зэрэг байгууллага хамтран хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Бяцхан зорчигч” эрчимжүүлсэн аяныг зохион байгуулж байна.

 

Сүүлийн зургаан жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 6063 бүртгэгдэж 6295 хүүхэд осолд өртжээ. Мөн хугацаанд зам тээврийн ослоор 250 хүүхэд амь насаа алдаж, 69045 хүүхэд гэмтэл авснаас, 1131 нь хүндэвтэр, хүнд гэмтсэн байна. 2014 оны судалгаагаар зам тээврийн ослоор 48 хүүхэд нас барсан бол 2015 онд 54 болон нэмэгджээ. Харин 2016 оны эхний таван сард зам тээврийн ослын улмаас 14 хүүхдийн амь нас хохирсон бол 2017 оны эхний таван сард 72 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болж, 25 хүүхэд ослын улмаас амь нас хохирсон байна. Үүний 21 нь орон нутагт, 4 нь нийслэлд амь эрсэджээ.

 

Хүүхэд осолд өртөж, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирох нэг үндэс нь зориулалтын хамгаалалтын суудалд  тээвэрлэдэггүй байгаа явдал гэдгийг албаныхан мэдээлж байна. Хамгаалалтын суудал хүүхдийг ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах эрсдэлээс 75-90 хүртэл хувиар хамгаалдаг аж. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн, осол гэмтэл хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэлэнгээс тодрууллаа.

 

 -Зам тээврийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон  хүүхдийн судалгаа бий юу?

 

-Энэ талаар нарийвчилсан судалгааг манай байгууллага аваагүй байна. Нийслэлийн хэмжээнд 2015 онд нийт 979 ослоор 1010 хүүхэд осолд өртсөний 12 хүүхэд нь амиа алдаж, 998 хүүхэд гэмтсэнээс, 134 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авсан гэсэн судалгаа  байна.

 

-Ослын гол шалтгаан юу байна вэ?

 

-0-6 нас гэдэг бол 100 хувь эцэг эхийн хараа, хяналтан дор гадуур явах, зам хөндлөн гарах ёстой байдаг. Гэтэл эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс болж хүүхэд зам тээврийн ослоор нас барах, хүндэвтэр гэмтэл авах тохиолдол их байна. Мөн ослын шалтгааныг авч үзвэл 70 хувь нь хөдөө орон нутгийн замд гарсан байгаа юм. Энэ нь хүүхдийг өвөр дээрээ авч явах, жолоочийн хажуу талын суудалд суулгах зэрэг буруу тээвэрлэснээс болжээ. Орон нутагт Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Төв аймагт зам тээврийн ослоор хүүхэд хамгийн их амиа алдсан бол Нийслэлд Баянзүрх дүүрэгт олон бүртгэгдсэн байна.  Иймд хөдөө, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг зориулалтын, стандартаар тээвэрлэх нь зүйтэй. Осол гэдэг зөвхөн золгүй явдал биш. Бүхий л ослоос урьдчилан сэргийлэх боломжтой. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн 100 хувийн хариуцлага хэрэгтэй байна.

 

-Тэгэхээр эцэг эхийн буруугаас хүүхэд осолдож байна гэсэн үг үү?

 

-Замын хөдөлгөөний тухай шинэ хуулиар 0-10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч нь гараас нь заавал хөтөлж явах ёстой. Хэрэв ингээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуулиндаа заасан байгаа. Гэвч хэрэгжихгүй байна. Түүнчлэн эцэг эхчүүд үүрэг, хариуцлагаа сайжруулж, дээшлүүлэх хэрэгтэй байна. Бага насны хүүхдийг сургуулиас гэр, гэрээс сургууль гэсэн энэ маршрутад нь заавал хариуцлагатайгаар асран хамгаалагч нь авч явах шаардлагатай. Энэ шаардлагыг биелүүлээгүй бол хатуухан хэлэхэд эцэг, эхийн буруутэй үйлдлээс болж хүүхэд ослоор нас барж байна шүү дээ.

 

-Сургууль орчмын стандарт бус нөхцөл байдал осолд нөлөөлдөг үү?

 

-Улаанбаатар хотын нийт ЕБС-иудын дунд судалгаа хийдэг. Нийт сургуулийн 60-70 нь хүүхэд зам, тээврийн осолд өртөх эрсдэлтэй орчинд байна. Тэгэхээр сургуулийн орчныг стандарт болгох нь чухал юм. Ер нь монголд зам тээврийн нөхцөл, сургууль орчны бүсийг стандартын дагуу барьсан сургууль байхгүй. Тэгэхээр энэ бас осолд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг харахад явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал бүртгэгдэж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг/ зэрэг нийтлэг зөрчлийн улмаас үйлдэгдэж байна.

 

Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь автомашин доторх аюулгүй байдлыг хангаж хүүхдийн зориулалтын хамгаалах бүс тохируулагч, хамгаалалтын суудал хэрэглэж хэвших, зөв тээвэрлэхээс ихээхэн хамааралтай юм. Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон” байдаг. Гэтэл манай эцэг эхчүүд хүүхдээ урд суудалд, өвөр дээрээ, хамгаалах хэрэгсэлгүй тээвэрлэх нь байдаг зүйл,  хүлээн зөвшөөрдөг мэт ойлгодог. 2016 онд 39 хүүхэд буюу нийт зам тээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн 78 хувь нь буруу тээвэрлэлтээс шалтгаалан амь нас нь хохирсон нь Ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэг үгүй болсон хэмжээний дүн мэдээ харагдаж байна.

 

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал,  суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

 

Замын цагдаагийн албаны “Paparazzi Traffic Mongolia” цахим хуудсаар автомашинд хүүхэд тээвэрлэх хамгаалалтын суудлаа солилцох, хэрэглэхээ байсан хүүхдийн суудлаа хэрэгтэй хүнд нь бэлэглэх өдөрлөгийг энэ сарын 5,6-нд 12.00-17.00 цагийн хооронд Pro One Serviced Office д /Өлзий төвийн уулзвараас 32 ын тойрогруу явах замын баруун гар талд байдаг/ зохион байгуулахаар болжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

наад самбараа очоод аавдаа үзүүлэхгүй юу. багаасаа шоучин болох нь
2018-05-04
Сэрээнэн:
Эцэг эхчүүд хүүхдээ хамгаалахгүй байна. Ж нь цонхон дээр хүүхэд гарчихсан бхад ерөөсөө тоохгүй цаагуур нь өөрсдөө яваад л бх юм Өөрийнхөө хүүхдийг тоохгүй бгаагаас гадна бусад жижиг хүүхдүүд ингэж болж бна гэж ХАРВАЛ БАС Л МАШ МУУ НӨЛӨӨ ШҮҮ ДЭЭ
2018-05-04