Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан өнгөн дээрээ маш шудрага хүн харагддаг. Тэрээр Ц.Сандуйг унагаах явуулгынхаа үеэр хэвлэлээр : Хуулийг зөвхөн өөрт ашигтайгаар тайлбарлаж, өөртөө зориулж хууль, журам гаргаж, албан тушаал завшиж, хулгай хийж сурсан хүмүүсийн шидийн зан ил гарч байна. Би ийм” Бугшиж идээлсэн буруу тогтолцооны эсрэг сөрж байна" зэргээр ариун шудрагын дүрийг гарамгай эсгэж байлаа.
Бодит байдал дээр С.Амарсайхан хууль ёсыг баримталдаг, мөрддөг эсэх нь нэн эргэлзээтэй болохыг иргэн Д.Энхтайван, сэтгүүлч Б.Отгонбаяр нар олон жилийн турш илчлэн тэмцэж байгаа ажээ.
Сэтгүүлч, “Авилгалтай тэмцэх сэтгүүлчдийн клуб” ТББ-ын тэргүүн Б.Отгонбаяр өөрийн хөтлөн явуулдаг manaiklub.com сайт дээрээ С.Амарсайхан гадаадын луйварчидтай сүлбэлдэн хэрхэн хууль ёсыг уландаа гишгэж байсныг цувралаар илчлэн бичсэн байна.
2008 онд Швейцарийн иргэн В.И.Армин “Инфрастракчер” компаний нэр дээр оффшор бүс болох Кипрээс Тээвэр хөгжлийн банкинд 3 сая ам.доллар шилжүүлж, улмаар уг банкин дах хөрөнгөө хариуцуулах нэрийдлээр өөрийнхөө төлөөний этгээд ОХУ-ын иргэн Н.А.Новожиловыг гүйцэтгэх захирлаар томилуулжээ.
Н.А.Новожилов нь эзнийхээ даалгавраар анх оруулсан 3 сая долларыг монголын иргэд, харилцагчдын мөнгөөр 2 дахин өсгөөд, 6 сая доллар болгож ОХУ-ын Судостройтельный банк руу бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэх замаар мөнгө угаасан нь илэрч хуулийн байгууллагад шалгагдаж эхэлжээ. Н.Новожилов нь банкны гүйцэтгэх захирлаа ажиллах үедээ монголд оршин суудаг оросын харьяат 30 хүний нэр дээр хуурамч хадгаламжийн дэвтэр нээн, түр хугацаагаар мөнгө хийгээд, дараа нь өөр данс руу буцаан шилжүүлэх замаар нийт 300 сая ам.доллар угаасан нь илэрсэн байдаг.
УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, Н.Новожиловыг саатуулан шалгаж байхад иргэн Д.Ундраа, Б.Содномбалжир нар батлан дааж шоронгоос гаргаад, улмаар 2010 оны 9 дүгээр сарын 6-нд Дорнод аймгийн Эрээнцав боомтоор хилээр оргуулсан юм. Энэ хэрэгт Оюуны ундраа компани, С.Амарсайхан нар холбоотой байж мэдэх шууд сэжүүр үүссэн. Учир нь Новожиловын эзэн В.Армин энэ хэрэг явдлын дараахан С.Амарсайханд Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшдэг Инфрастракчер компаниа бэлэглэсэн байдаг. Харийн хүн ямар тохиолдол өмчөө монгол хүнд зүгээр өгөх вэ? Энэ бол гарцаагүй шалгаж байж хариуг олох ёстой үйлдэл. Анх С.Амарсайхан Худалдах, худалдан авах гэрээгээр В.И.Арминий Тээвэр хөгжлийн банкинд анх оруулсан хувийг худалдан авсан гэж хууран мэхлэх гэж оролдож байжээ. Гэвч 51 хувийн төлөө ямар ч мөнгө төлөгдөөгүйг Ч.Сонинбаяр шүүгчийн захирамжаар татаж авсан банкуудын баримт гэрчилсэн тул бэлэглэлийн гэрээгээр авсан болж жүжиглэсэн байдаг.
Прокуророос Новожиловт “Эрүүгийн хуулийн 156.3-т зааснаар албан тушаалаа ашиглан “Говь урал” компанид 1.7 тэрбум төгрөгийн зээл олгож, банкинд хохирол учруулсан, банкны орлогод орох ёстой 40 сая төгрөгийг хувьдаа завшсан, мөн Эрүүгийн хуулийн 150,3 дахь заалтаар 290 сая төгрөг хувьдаа завшсан” гэдэг үндэслэлээр шүүн таслах ажиллагаа хийх гэж байжээ.
Тээвэр хөгжлийн банкны бусад хувь нийлүүлэгчид В.Арминыг 2011 оны 4 дүгээр сард хилээр гаргалгүй саатуулж шалгуулахаар нийслэлийн прокурорт хандаж, прокурор Г.Мижиддорж “хүсэлтийг хангахаар шийдсэн” тухайгаа хариу мэдэгдсэн байна.
Гэтэл хийлийн хориг тавихаас урьтаж В.Армин сэм хил даван алга болжээ. Энэ асуудалд 2012 оны 11 дүгээр сарын 30-нд Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг “Бэлэглэлийн гэрээ” -гээр авах болсон “Оюуны ундраа” компани, С.Амарсайхан холбоотой байх бүрэн магадлал бий.
А.Новожиловыг батлан даалтанд гаргасан иргэн Д.Ундраа, Б.Содномбалжир болон Дорнод аймгийн Эрээн цавын боомтоор оргон гарахад нь тусласан гэх иргэн Б.Батзориг, Н.Орхон-Урсгал нар бүгд Оюуны Ундраа компанитай янз бүрийн сэжмээр холбогдож байгааг анхааралдаа авахыг хохирогчид хуулийнхнаас шаардаж байсан ч үл мэдэгдэх шалтгаанаар тэднийг шалгасангүй өнгөрчээ. Энэ ажиллагааг бүхэлд нь С.Амарсайхан зохион байгуулж, удирдсан байх шинж тэмдгүүд байгааг иргэн Д.Энхтайван, сэтгүүлч Б.Отгонбаяр нар одоо ч анхааруулж, шаардаж тэмцсээр байгаа юм. Оюуны ундраа групп, С.Амарсайхан нар тэднийг улсын нууц задруулсан, нэр төрд халдсан хэмээн гүтгэж 2 жил цагдаагаар шалгуулж, шүүхэд өгөх, 200 сая төгрөг нэхэмжлэх зэргээр дарамталж байсан. Шудрага шүүх сэтгүүлч Б.Отгонбаярыг буруугүй болохыг тогтоож түүн нэр дээр С.Амарсайханы үүсгүүлсэн хоёр ч хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
С.Амарсайханы Инфрастракчер компанийг авсан “Бэлэглэлийн гэрээг” ч Монголбанк хүчинтөгөлдөр бус хэмээн зөвшөөрөөгүй. Гэтэл С.Амарсайхан өөрийгөө “Инфрастракчер” компаний гүйцэтгэх захирал гэж зарлаад “Би “Инфрастракчер” компанийн эзнийг Монголд төлөөлөх эрхтэй” хэмээн гэрчилгээ, тамга тэмдгийг нь шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн газарт хураалгахгүй хэдэн жил даржээ. Яван явсаар хүчингүй болсон баримт бичиг ашигласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх болоход арга буюу хураалгасан аж.
Улсын бүртгэгч У.Мандахтуяатай С.Амарсайхан үгсэн хуйвалдаж 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Хуулийн этгээдийн нэрийн баталгааны хуудас” гэх хуурамч баримт бичиг бүрдүүлж байсан хэрэг болон Б.Отгонбаярын цувралаар нийтэлсэн “Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И. Армин нарын монгол дахь хуйвалдаан”, “Дархан хил даварсан хулгайчийн хөл залгах хэрэгсэл биш”, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо, хилчид, цагдаа нар чинь оргодлуудыг өөгшүүлдэг болсон юм уу”, “Д.Дорлигжаваа, В.И.Арминыг оргуулсан прокурор, цагдаагийн ажилтнууддаа хариуцлага тооцооч”, “Прокурорын шийдвэрийг хэн эсэргүүцэж В.И.Арминыг хил давуулан оргуулав” нийтлэлүүдэд дурдагдсан мөнгө угаах, санхүүгийн луйвар хийх, хил дамнасан ноцтой гэмт хэргүүд хав дарагдан үлдсэн нь харамсалтай. Шудрага сэтгүүлчид хэргийг орхихгүй, сэргээн шалгуулахаар бэлтгэж байна.
Хуулийг уландаа гишгэхийн “гайхамшгийг” үзүүлж ирсэн С.Амарсайхан нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллах болсон нь Улаанбаатарчуудад ихээхэн эргэлзээ төрүүлсээр байгаа юм.
Бид хэнд итгэж, найдаж амьдрах вэ?
Эх сурвалж:
http://mongolnews.mn/%D0%90%D1%80%D1%85%D0%B8%D0%B2/7zd ;
http://www.bataar.mn/10021016 ;