Оросын армийнхан бүслэлтэд байгаа сиричүүдийг нүүлгэн шилжүүллээ

Сирийн Засгийн газартай байгуулсан энхийн гэрээний хүрээнд тус улсад үүрэг гүйцэтгэж буй ОХУ-ын цэргүүд Хама болон Хомс хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Иргэний дайн болон террористуудын дайралтаас болж олон мянган сиричүүд өнөөг хүртэл хүндхэн нөхцөлд аж төрж байна.
Иргэдийг автобусанд суулган хотоос гаргаж буй бөгөөд гэнэтийн халдлагаас урьдчилан хамгаалан Оросын цэргүүд Сирийн ардыг чөлөөлөх армийнхантай хамтран үүрэг гүйцэтгэж буй юм.
Эхний ээлжинд дээрх иргэдийг олон улсын байгууллагуудад шилжүүлэн өгч, яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр хоёр тал тохиролцсон гэнэ.
Мөн удахгүй холбоотнууд Растан хотоос иргэдийг яаралтай гаргахаар болжээ.
Гэхдээ Сирийн сөрөг хүчин “ОХУ-ын армийнхан Растан хотноо агаараас цохилт өгч, энгийн иргэдийг хөнөөсөн. Тэд иргэдийг нүүлгэн шилжүүлэх нэрийдлээр хоморголон устгах ажиллагаа явуулж байна” хэмээн буруутгажээ.
Растан хотноо агаараас цохилт өгсөн гэдгийг Сирийн Засгийн газар эрс үгүйсгэж, хүмүүнлэгийн ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг сөрөг хүчний удирдлагуудад сануулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ