Израйлийн армийнхан Иранд гэнэтийн цохилт өгчээ

АНУ, Ираны цөмийн хэлэлцээрээс гарахтай зэрэгцэн Израйлийн армийнхан Сири дэх Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгджээ. Энэ талаар “CNN” болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр 2015 оны долоодугаар сард “Зууч зургаа” холбоогийн Иран улстай байгуулсан цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс гарч буйгаа зарласан билээ.
Тэрбээр уг гэрээг “Нэг талыг барьсан, ямар ч ашиггүй гэрээ” хэмээн тодорхойлсон юм. Франц, Германы эрх баригчид Трампыг бодлоо өөрчлөхгүй байхыг олонтоо учирласан ч Цагаан ордны тэргүүн өөрийн шийдвэртээ бат зогсов.
Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани “Ерөнхийлөгч Дональд Трамп хэтэрхий болчимгүй шийдвэр гаргалаа” хэмээгээд “АНУ хэлэлцээрээс гарсан учир энэхүү хэлэлцээр хүчингүй болсон гэсэн үг” хэмээн хатуухан мэдэгджээ.
Тэгвэл Трамп Ираны цөмийн хөтөлбөрөөс гарч буйгаа зарлахтай зэрэгцэн олон жилийн өмнөөс Тегерантай дайсагнасан харилцаатай байсан Израйль улс тус улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулсан нь олныг цочирдуулав.
Израйлийн армийнхан Ираны газар нутагт цохилт өгөх бус иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сири улс дахь Ираны олон цэргийн байгууламжийг сүйтгэсэн байна. Израйлийн Батлан хамгаалах яам “Сири дэх Ираны 50 гаруй байгууламжинд амжилттай цохилт өглөө” гэж мэдэгджээ.
Тус улс нийт 20 пуужинг Сирийн газар нутаг руу хөөргөсөн бөгөөд уг цэргийн ажиллагааг батлах видео бичлэгүүдээ төрийн мэдлийн твиттер хуудаст нийтэлсэн байна. Израйлийн гэнэтийн дайралтын улмаас Ираны армийн есөн цэрэг амь үрэгдсэн гэнэ.
Иерусалемын эрх баригчид юуны учир Сири дэх Ираны эзэмшлийн бүсүүдэд цохилт өгсөн тухайгаа тайлбарлахдаа “Ираны аюул заналхийллийг Сирийн нутаг дэвсгэрт бий болгохоос урьдчилсан сэргийлэх алхам” хэмээн мэдэгдэв.
“Ираны армийнхан өнгөрсөн сард Сири дэх Израйлийн эзэмшлийн Голаны өндөрлөг цэргийн бааз руу пуужин хөөргөж, үлэмж хохирол учруулсан учир хариугаа авахын тулд ийнхүү пуужин хөөргөсөн” гэх тайлбар хийжээ.
“1973 онд цэг тавьсан Израйль-Арабын дайнаас хойших хамгийн том цэргийн ажиллагааг өчигдөр явууллаа” хэмээн Израйлийн тал уламжлав.
Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс гарсан явдлыг Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Түүхэн алхам. Шинэ цагийн удирдагч” гэж мэдэгджээ. Тэрбээр Трамп хэлэлцээрээс гарахаас хоёр өдрийн өмнө төв телевизээрээ дамжуулан “Иран нууцаар цөмийн зэвсэг үйлдвэрлэж, хүн төрөлхтөнг заналхийлж байна” гэж мэдэгдсэн. Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш АНУ-ИЗРАЙЛЬ улсын харилцаа ДОТНО болсон юм.
Цагаан ордны тэргүүн өмнөх Ерөнхийлөгч нарын олон жилийн өмнө баримталж ирсэн бодлогыг зөрчиж “эртний түүхт Иерусалем хотыг Израйлийн нийслэл” хэмээн мэдэгдсэн юм.
Уг мэдэгдлийн дараахан Палестин, Израйлийн дунд үймээн дэгдэж, олон хүн амиа алдахад хүрчээ. Израйлийн Тель Авив хот дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалемхот руу нүүлгэх шийдвэр гаргасан бөгөөд уг ажил дунд шатандаа явж байна. Мөн Трамп Израйлийн төлөө “ЮНЕСКО” холбоогоос гарсан юм.
Сири дэх Ираны эзэмшлийн бүсүүдийг устгасан дээрх цэргийн ажиллагааны талаар Трамп “Цаг үеэ мэдэрсэн зөв шийдвэр байлаа” хэмээн мэдэгдэж, Израйлийн эрх баригчдад талархал илэрхийлжээ.
“Нэгдсэн улсын Ерөнхийлөгч энхтайвныг эрхэмлэх ёстой атал хоёр улсыг дайтуулах хэмжээний өдөөн турхирсан мэдэгдэл хийсэн нь хэр тохиромжтой вэ” хэмээн Америкийн хэвлэлүүд мэдээлж, Ерөнхийлөгчөө буруутгажээ.
Дэлхийн II дайнд ялалт байгуулсаны 73 жилийн түүхт ойн сүрт цэргийн жагсаал ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдаж байхад Трамп ийнхүү мэдэгдэж байв.
Дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон В.Путин ард түмэндээ “Ямар ч улс хүч түрэмгийлэх бодлого явуулахыг ОХУ зөвшөөрөхгүй. Улсын дотоод асуудалд оролцож, үймээн самуун дэгдээхийг ТЭВЧИХГҮЙ” хэмээн АНУ-д анхааруулсан мэдэгдэл хийсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ