ШИНЭ гэр бүлийн харилцаанд ШИНЭ хууль хэрэгтэй байна

Гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд тулгамддаг асуудлыг хуулийн салбарынхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэлэлцэж байна. Энэ хэлэлцүүлгээр Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгах асуудал, гэр бүлийн маргааныг хэрхэн хянан хэлэлцэх талаар ярьж буй юм.
Сүүлийн гурван жилд шүүхээр шийдвэрлэж байгаа гэр бүлийн маргааны тоо байнга өссөн үзүүлэлттэй байна.
2015 онд нийт 40674 иргэний хэрэг шийдвэрлэснээс 4539 нь, 2016 онд 46173 хэрэг шийдсэнээс 4671 нь, 2017 онд 45233 иргэний хэргээс 4566 нь гэр бүлийн маргаантай холбоотой хэрэг байжээ.
Сүүлийн гурван жилийн байдлаар улсын хэмжээнд анхан шатны шүүхээр шийдсэн хэргийн 10.4 хувийг гэр бүлийн маргаан эзэлж байна. Гэр бүлийн маргаантай нийт хэргийн 63.6 хувийг гэрлэлтийг цуцлах маргаан эзэлжээ.
Манай улсын гэр бүлийн хууль 1999 онд батлагдаж, өнөөг хүртэл мөрдөгдөж буй. Гэвч энэ хууль нь өөрчлөгдөн шинэчлэгдсэн нийгэмд учир дутагдалтай байгааг шүүгчид хэлж байна. Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр “хөгжин дэвшиж, шинэчлэгдэн буй нийгэм, орчинд шинэ гэр бүлийн харилцааг зохицуулах хуулийн орчинг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа”-г онцлов.
Мөн тэрбээр гэр бүл салж, хүүхэд өнчрөхөд нийгмийн болон эхнэр нөхрийн хувийн харилцаа нөлөөлж байна. Тиймээс гэр бүлийн эдийн засгийг дэмжих, хүүхдийн эрхийн хамгаалалтыг нэмэгдүүлэх, эцэг эхийн үүргийг тодорхой болгох, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах шаардлага тулгарч байгааг хэллээ.
Шүүхийн байгууллагад гэр бүлийн эвлэрүүлэн зуучлагчид ажилладаг. 2015-2017 онд шүүх эвлэрүүлэн зуучлалаар 8585 өргөдөл гомдол хүлээж авчээ. Үүнээс 1078 буюу 12.7 хувьд нь гэр бүлийн эвлэрэл амжилттай болжээ. Үлдсэн 87 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон аж. Энэ үзүүлэлт нь гэр бүлийн маргааныг эвлэрүүлэх хуулийн орчныг сайжруулах шаардлагаг харуулж буйг шүүгч хэлж байна.
Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга 2017-2018 он дамжин яригдсаар буй юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ