Х.Бадамсүрэн: “Эрдэнэт”-ийн дундаж цалинг 1000 долларт хүргэнэ

“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөдрийн болон цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэв.
“Эрдэнэт” үйлдвэр 100 жил тасралтгүй ажиллана
“Эрдэнэт”-ийн овооны ордыг наанадаж 100 жил ашиглах мэргэжлийн тооцоо хийснээ тус байгууллагын удирдлага Х.Бадамсүрэн хэллээ. “Эрдэнэт” үйлдвэрийг 40 жил ашиглаад буй. Цаашид 60 жил тасралтгүй хэвийн ажиллах боломжтойг тогтоож, ордын нөөцийг баталгаажуулахаар ажиллаж буйгаа тэрбээр хэлэв.
“Эрдэнэт” үйлдвэрийнхэн өнгөрсөн 40 жилийн хугацаанд явуулсан уулын ажил, ашиглалтын хайгуулд дүн шинжилгээ хийжээ. Эрдэнэтийн овооны хүдрийн тогтоц болоод цаашдын төлөв байдал ямар байхыг мэргэжлийн түвшинд тогтоосон байна. Ингээд “Эрдэнэт”-ийг дахин 60 жилийн нөөцтэй болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод буй аж.
Тус үйлдвэр 2017 онд геологи, хайгуулын ажлаа хоёр дахин нэмэгдүүлж, зургаан сая ам.долларын ажил хийсэн байна. Энэ үзүүлэлт нь “Эрдэнэт” үйлдвэр цаашид ч хэвийн ажиллах боломжтойг харуулж буй юм.
“Эрдэнэт” энэ оны нэгдүгээр улиралд техник технологи, үйлдвэрлэлийн үзүүлэлтээ 100-126 хувиар биелүүлжээ. Мөн 2018 оны эхний дөрвөн сард улс, орон нутгийн төсөвт 252 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд буй аж.
“Эрдэнэт”-ийн дундаж цалин 2.3 сая төгрөг
Өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа цалинг хоёр удаа нэмсэн. 2017 оны тавдугаар сарын нэгнээс үндсэн болон тарифт цалингаа 10 хувиар нэмсэн. Долоодугаар сарын нэгнээс үндсэн цалингийнхаа санг 20 хувиар нэмсэн. 2018 оны дөрөвдүгээр сарын нэгнээс цалингаа 15 хүртэл хувиар нэмсэн. Үүний үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалингийн доод хэмжээ нэг сая төгрөгийг давсан. Харин дундаж цалин нь 2.3 сая төгрөг болсон. 2019 онд дундаж цалинг 1000 ам.долларт хүргэнэ гэсэн мэдээллийг Х.Бадамсүрэн захирал өглөө.
“Стандарт” банктай холбоотой асуудлыг хохирол багатай шийднэ
Стандарт банктай холбоотой асуудал бол “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, хамт олны сэтгэлийг зовоосон, тулгамдсан асуудал гарцаагүй мөн. Энэ асуудал 2009-2012 онд бий болсон. 2013 оноос арбитрын шүүхээр яригдаж, нэлээн газар авсан. Миний хувьд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдоод ажлын хэсгийг шинэчилж байгуулсан. Энэ том асуудал учраас бид санал тавьж, Засгийн газар, УИХ-д ажлын хэсэг ажиллаж байгаа. Монголчууд бид хүчээ нэгтгэж байгаад энэ асуудлыг Монгол Улсад хохирол багатай шийдэхээр ажиллаж байна.
Өр төлбөртэй холбоотойгоор “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийг салгаж ярих хууль эрхзүйн үндэс байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК бол нэг цогц бүхэл зүйл. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь эсвэл 49 хувь нь барьцаалагдсан гэх асуудал байхгүй. Тийм боломж ч байхгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ