Г.Тайванжаргал: Хууль бусаар чулуу түүгчдийг ХОРИХ хэрэгтэй

img

Сүүлийн жилүүдэд байгалийн өнгөт болон үнэт чулууг хууль бусаар олборлож, хил гаргах явдал ихсээд байгаа. Тухайлбал Хэнтий аймгийн Батноров суманд хууль бус чулуу түүгчид олширч, тэдэнтэй тэмцсэн Засаг дарга хүнд гэмтэж байсан нь саяхан. Чулуу түүгчдийн асуудал болоод түүний биеийн байдлын талаар Хэнтий аймгийн Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргалтай ярилцлаа.

 

 

-Өнөөдрийн байдлаар танай суманд хууль бусаар чулуу түүж буй хичнээн хүн байна?

 

-Байгалийн өнгөт чулууг хууль бусаар олборлогчид 2014 оноос манай суманд бий болсон. Анх “Хутаг” ууланд чулуу түүсэн хүмүүс яваад байна гэдэг мэдээллийг аваад газар дээр нь очиж, үйл ажиллагааг нь таслан зогсоох гэж тэмцсэн. Тухайн үед Захиргааны хариуцлагын тухай хуулиар тэдгээр хүмүүсийг 50 мянган төгрөгөөр торгодог байсан. Сүүлдээ энэ нь даамжраад дийлдэхээ байгаад 400-500 хүн чулуу түүхээр ирсэн. Долоон аймгийн 27 сумын амьдралын боломжгүй, ажилгүй хүмүүс цугларсан байсан. Одоогоор Батноров сумын гурван багийн таван нэр бүхий газарт чулуу түүгчид байна. Саяхны шалгалтаар 48 хүнийг барьж, саатуулсан. Эдгээрээс 11 хүнийг л торгоод явуулсан байна лээ.

 

-Яагаад бүгдийг нь торгоогүй юм бол?

 

-Эдгээр хүнийг Зөрчлийн тухай хуулиар сумын цагдаа торгохоо больсон. Чулууны ченжийг барилаа гэхэд Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчид шилжүүлдэг болсон. 48 хүн бариад өгөхөд 11 хүн л торгуульж байна. Бусад нь яасан бэ гэхэд “чулуугүй явсан” гэж байгаа юм. Чулуу, багаж хэрэгсэл нь байж байна ш дээ гэхээр халаасанд нь чулуу байгаагүй гэж байгаа юм. Тэгэхээр хуулийн заалт нь чулуу олборлогч, ченж нь хэн нь ч бай баригдахдаа биедээ, автомашин техникдээ чулуугүй л явсан бол торгох үндэслэлгүй байгаа юм. Хэн ч баригдахгүйн тулд чулуугаа орхино шүү дээ. Тэгэхээр хуулийн заалтыг нарийсгаж өгөхгүй бол хуулийн цоорхой их байна. Тухайлбал өнгөт чулуучдыг өөгшүүлж байгаа хүмүүс нь хоол үйлдвэрлэл, худалдаа наймаа эрхлэгчид байна. МХЕГ-ынханд энэ хүмүүст очоод арга хэмжээ аваач гэхээр, эрх нь байхгүй гэж байгаа юм. Яагаад гэхээр хийсэн хоолыг нь Дорж ирээд хордлого аваагүй л бол болно. Хордлого авсан тохиолдолд 20 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа юм. Ийм л хууль эрхзүйн орчинтой, Төрийн уялдаа холбоо алга. Тиймээс чулуу түүгчид даамжирч байна.

 

-Хуулиараа чулуу түүгчдийг хэдэн төгрөгөөр торгодог вэ?

 

- Чулуу түүгчдийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцвол 200 мянган төгрөгөөр л торгодог. Хилийн тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгодог. Чулуу түүгчид Ланд 200, Лексус 570 зэрэг сүүлийн үеийн цоо шинэ автомашинууд уначихсан явж байна. Тэдэнд 250 мянган төгрөгийн торгууль үнэндээ инээдтэй санагддаг байх. Төлчихье гээд орж ирж, мөнгөө тоолж өгчихөөд, “Өөр асуудал байна уу, явлаа” гээд л гараад явчихаж байгаа юм. Үнэндээ доромжилж байгаа хэрэг. Тиймээс хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг холбогдох албаныханд уламжилж байгаа.

 

-Чулуу түүгчид байгальд ямар сөрөг үр дагавар үүсгэдэг вэ?

 

-Байгалийн өнгөт чулуу олборлогчид газрыг 20 см-ээс 1 метр 50 см доош нь ухдаг. Түгээмэл тархацтай болохоор хаа ч хамаагүй ухаж, сэндийчээд л яваад байдаг. Энэ нь газрын хэвлийн ус, чийгийг тэнцвэржүүлдэг чулууг авснаар гол горхи ширгэж, байгаль эх дэлхийтэйгээ буруу харьцсанаас болж ган гачиг болж байна гэж бодож байна. Тэр хавийн тарвага дууслаа, байгаль орчин маш ихээр бохирдож байна. Одоогоор Батноров сумын 131 га газар эндэгдээд байгаа. Эндэгдсэн талбайг сэргээхээр олон улсын төсөл хөтөлбөрт хандаж байна. Бүр болохгүй бол ургац тарина.

 

-Хэнтий аймгийн ИТХ-аас 2018 онд хориглосон шийдвэр гарсан байдаг. Энэ хоригийг цуцлачихсан юм уу?

 

-Бид сумын засаг даргын сан, байгаль хамгаалах сангийн хөрөнгөөрөө пост гаргаад 2014 онд чулуу түүгчдийг нам дарсан. Мөн би аймгийн ИТХ-д байхдаа Хэнтий аймгийн Батноров сумаас байгалийн өнгөт чулууг түүх олборлох, хадгалах, тээвэрлэхийг бүрэн хориглосон шийдвэрийг гаргуулаад аймаг орон нутгийн хүчний байгууллагууд хамтран таслан зогсоосон. Гэтэл удалгүй 2016 он сонгуулийн жил тохиож, хүн бүрийн “инээдэг” цаг ирсэн. Аймаг, орон нутаг чулуу түүгчдийг хайхрахаа байсан. 2017 оны зургаадугаар сард манай Баян багийн Засаг дарга чулуу түүгчдэд шаардлага тавьж, ажил үүргээ гүйцэтгэж яваад хөлөө автомашинд хуга дайруулсан. Цагдаа маань машинд мөргүүлсэн. Энэ асуудлыг бид аймгийн ИТХ-д албан тоотоор хүргүүлж, аймгийн хэмжээнд арга хэмжээ авч ажлаач гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан. Гэтэл хариу ирэхгүй байсаар энэ оны нэгдүгээр сард миний бие ажил үүргээ гүйцэтгэж яваад хууль бус чулуу олборлогчид шаардлага тавьсныхаа төлөө бэртсэн. Надаас гадна дөрвөн төрийн албан хаагч бүгд халдлагад өртсөн. Нутгийн хүмүүс биш, гадны хүмүүс биед халдсан, гэнэт л цохиод авсан.

 

 

-Болсон үйл явдлыг ярихгүй юу?

 

-Одоо энэ хэрэг цагдаад шалгагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байхад би өөрийгөө өмгөөлж, хэн нэгнийг буруутгамааргүй байна. Гэхдээ нэгэнт зориод ирсэн учраас би яръя. Манай сумын багийн Засаг даргын аав нас барж, бид буяны ажилд нь оролцохоор явж байхдаа өнгөт чулуу түүгчидтэй бид таарсан юм. Буяны ажилд явж байгаа болохоор хүмүүстэй маргаад яах вэ гэж бодоод “Та нар машинаасаа буугаад ир, би энэ сумын Засаг дарга байна, бичиг баримтыг чинь шалгая” гэсэн юм. Гэтэл эсэргүүцэлтэй тулгарч, манай байцаагчийг хэл амаар доромжилж, түлхсэн. Би тэр үед явж очоод “Та нар улсын байцаагч хүнтэй зохистой харьцаарай” гэж хэлтэл “Чамд ямар хамаатай юм” гээд үгийн зөрүүгүй миний хамар руу цохичихсон. Хамраас цус гараад тонгойгоод зогсч байтал миний нүүр хүзүүг маажиж дайрсан. Эмэгтэй хүн шүү дээ. Хоёр гарыг нь бариад доош дартал над руу дайрч яваад эрчиндээ бүдрээд унасан. Гэтэл цаанаас нөхөр нь “Чи миний эхнэрийг цохилоо” гэж хэлээд миний хөмсгийг зад цохисон. Хамар болон хөмсөгнөөс цус урсаад байж байтал эхнэрийнх нь дүү гэх залуу гүйж ирээд чулуутай гараараа нүд рүү цохиж унагаасан.

 

-Одоо таны биеийн байдал ямархуу байна?

 

-Бэртэл авснаас хойш баруун нүд маань 25 хувийн хараатай болсон. Цаашдаа гам барих хэрэгтэй, хүнд хүчир ажил хийж болохгүй, удаан цагаар ажиллаж болохгүй гэдгийг эмч зөвлөсөн. Гутлаа тонгойгоод өмсөх гэхээр нүд чинэрч өвддөг. Нүдний маань суурь яс цөмөрчихсөн. Саяхан би Тайваньд сургалтад хамрагдах үеэрээ нүдний эмчид нь үзүүлэхэд,  дөрвөн эмч дөрвөн өөр шинжилгээ хийгээд таны баруун нүдний хараа 25 хувьтай болсон байна гэдэг дүгнэлт гаргасныг би шүүх эмнэлэгт эх хувиар нь өгөөд байна. Энэ бол зөвхөн Батноров суманд биш, Бор-Өндөр, Дархан зэрэг тав, зургаан суманд тулгараад байгаа асуудал. Энэ асуудлыг цаашдаа яаралтай шийдэж, хууль, хяналтыг чангатгахгүй бол энэ асуудал Норовлин сум руу ч нэвтрэх магадлалтай байна. Цаашдаа хүний амь нас эрсдэх ч эрсдэл бүхий нөхцөл байдал үүсээд байгаа.

 

-Чулуу түүгчдийн ихэнхи нь орон нутгийн хүмүүс үү?

 

-Нийтдээ 500 гаруй хүний 10 орчим хувь нь орон нутгийн иргэд.

 

-Сум, орон нутагт ажлын байр байхгүй учраас чулуу түүж амжиргаагаа залгуулдаг гэдэг?

 

-Сумынхаа ажилгүй иргэдтэй бид уулзаж үзсэн. Сард 400-500 мянган төгрөгийн цалинтай малчны ажил байна гэхэд мал маллах хүн олдохгүй байна. Хайгуулын тусгай лицензтэй компаниудын удирдлагатай уулзаад орон нутгийнхаа хүмүүсийг ажилд аваач гэдэг хүсэлт тавиад 750 мянган төгрөгийн цалинтай ажил байна гэхэд орохгүй. Хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй хүмүүс л чулуу түүж байна.

 

-Нэг чулууг хэдэн төгрөгөөр худалддаг юм бол?

 

-Нэг чулуу 50 мянгаас 1-2 сая төгрөг хүрдэг гэх юм билээ.

 

-Орон нутгийн удирдлагууд тэмцсэн ч, чулуу түүгчид байсаар л байна. Одоо тэгвэл Улсын хэмжээнд энэ асуудлыг ярих цаг болжээ дээ?

 

-Бид тэмцсэн. Өдөр бүр сумын төвөөс 60 километрийн зайд чулуу түүж байгаа хүмүүс дээр очиж ажилладаг байлаа. Сумын засаг даргын нөөц санг дуустал бид эргүүл, постонд явсан. Төрийн албан хаагчид өдөр бүр сумаасаа 60 километрийн цаана ажиллана гэдэг хүнд. Тухайн ажилчдын унаа, хоол, шатахуун зэрэг асуудал тулгардаг. Сумын засаг дарга албаны автомашиндаа өнгөрсөн 2016-2017 онд 230-300 мянган төгрөгөөр шатахуун хийх төсөвтэй байсан. Энэ нь аймгийн төв рүүгээ хоёроос гурван удаа яваад л дуусчихдаг. Гэтэл өдөр бүр зөвхөн чулуу түүгчид рүү очиход л бензинээ зарцуулаад дуусчихдаг байсан. Мөн эрсдэлтэй. Очихоор хууль бус чулуу олборлогчид эсэргүүцнэ. Хэлдэг үг нь та нар Оюутолгойгоо зарж идчихээд, бид нар төрсөн нутгаасаа алга дарам чулуу авч болохгүй юу гэнэ. Засгийн газраас томилсон ЦЕГ, МХЕГ, аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг ирсэн. Үүнээс өмнө аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ирсэн байсан. Ерөнхий сайд миний бэртсэн асуудлыг сонсоод албан ёсоор хүлээж авч уулзсан.

 

-Таныхаар чулуу түүгчидтэй хэрхэн тэмцвэл үйл ажиллагааг нь таслан зогсоож чадах бол?

 

-1990 ээд онд Монголчууд буга агнах болон модны хулгайн хэргийг тухайн үеийн Засаг төр торгуульгүй болгож, унаж яваа автомашиныг нь улсын орлого болгоод өөрийг нь 3 жил хорих ял өгдөг байсан. Ингэснээр хүмүүс хуулиа дагаад л амьдардаг болсон. Бид ажлын хэсгийнхэнд ийм санал тавьсан. Хариуцлагыг нь чангатгаж, чулуу олборлогчдын унаж яваа автомашиныг нь улсын орлого болгоод, өөрсдийг нь хорих хуулийн заалт оруулбал хууль бусаар чулуу олборлогчид засрах байх.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Биеийн амрыг харсан, зарж болох бүхнийг зарж гударсан, даварсан новшнуудыг хандыг нь хага дарах цаг болсон шүү!
2018-05-31
boliochee:
etseg ovgodoos ulamjilj irsen baragdashgui horongo boloh mal maani baij baina,yu dutlaa gej chuluu shoroo sendiichej tuuj yavdag bnaa,ih l muu energitei ajil shuudee,heden ueree lusiin horlold ortono shuudee,onoodriin oohnoos margaashiin uushig deer gej ug baidag.
2018-05-30