
Хамтарсан Засгийн газраас АН гарахаа мэдэгдэж, Сү.Батболдын Засгийн газар хэрхэх нь олны анхаарлын төвд орлоо. Энэ сэдвийн хүрээнд одоогоор сөрөг хүчний ширээнд суусан АН-ынхан кабинетаар нь огцруулах, эсвэл 1998 оны түүхийг давтаж, зургаан сарын хугацаанд АН-ын сайд нар үүрэг гүйцэтгэгч байх гэсэн хувилбарууд яригдаж байгаа. Мэдээж эдгээрээс илүү олны дунд ассан түймэр мэт яригдаж байгаа зүйл бол 2+2+2+1+1 хувилбар.
Кабинетаараа огцрох уу эсвэл...
Эхний хувилбарын хувьд 2008 оноос хойш ажилгүйдлын хувь хэмжээ нэмэгдэж, иргэдийн цалингийн доод хэмжээг сая төгрөгт хүргэх гэх мэт амлалтаас эхлээд өнөөдөр иргэдийг эд бухимдуулж байгаа шатахууны үнэ, ам.доллар болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гээд Засгийн газрыг гоочилох зүйл олон бий тул үүнийг удахгүй сөрөг хүчний ширээнд суух гэж байгаа АН-ынхан ашиглаж, Сү.Батболдын Засгийн газрыг кабинетээр нь унагах төлөв бий гэж ажиглагчдын нэг хэсэг харж байгаа. Үнэхээр нийгэм тэр чигтээ шахам бухимдалтай байгаа энэ үед ийм зүйл болохгүй гэх газаргүй. АН-ын даргын хийсэн мэдэгдлийн өмнө ч Хамтарсан Засгийн газрын тэргүүнийг болон хэд хэдэн сайд нарыг суудлаас нь унагах асуудал хэдэнтээ сөхөгдөж байсан нь магадгүй ямар нэгэн зүйлийн тохио ч байсан байж мэдэх юм.
Ц.Элбэгдоржийн Засгийн газрын түүхийг давтах уу
Харин Хамтарсан Засгийн газарт 3.6 жил хамт байсан АН-ынханыг ёс зүйг нь шалган, 1998 онд Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан Засгийн газрын түүхийг давтаж, АН-ын сайд нар дараагийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлтэл Хамтарсан Засгийн газарт үүрэг гүйцэтгэгчээр ажиллах магадлал бий. Өөрсдийн эхлүүлсэн ажлын үр дүнг үзэхээс эхлээд бензин шатахуун, багш нарын цалин гээд Хамтарсан Засгийн газрыг өнөөдөртөө чичлэх зүйл олон байгаа тул хариуцлагаас мултарсан нэр зүүхгүйн тулд АН-ынхан ийм сонголт хийж болзошгүй. Хэдийгээр тэдний суудлыг горилж, зургаахан сарын хугацаанд Засгийн газарт шургалах хүсэлтэй хүмүүс олон байгаа хэдий ч МАНАН-д хамгийн ашигтай хувилбар энэ ч байж болох талтай.
2+2+1+1 тохироо хийгдэж байгаа гэв
Харин олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй хувилбар болох АН-ын сайд, дарга нарын оронд ах намынхан өөрсдийн хүнээ тавих асуудлын хувьд зургаан сайдын суудлыг Ерөнхий сайд С.Батболд хоёр, Ерөнхий сайд асан С.Баяр нэг, генсек У.Хүрэлсүх хоёр, Шадар сайд М.Энхболд нэг, Хотын фракци нэг хүнээ оруулж ирэх тохироо хийгээд байгаа гэв.
Уг тохироо ёсоор нэр нь гарцаагүй тодроод байгаа хүн бол яах аргагүй Жадамба генералын хүү УИХ-ын гишүүн Энхбаяр. Олон нийтийн өмнө ил болоод байгаа уг тохироогоор аав, хүү хоёр нэг салбарыг хоёр өөр цагт тэргүүлж байсан тохиолдол монголын улс төрд гарч байгаагүй юм байна.
Энэ нь монголын улс төрд хэчнээн хүчтэй цус сэлбэлт явагдаж байгаагаагийн нэг илрэл байж болох юм. Харин зургаахан сар сандайлан суух ч өмнө нь дөрвөн жилийн турш эзэгнэж байсан сайд нарын гар дор урьд хожид эргэлдэж байгаагүй их мөнгийг эргэлдүүлэх дараагийн хүнээр одоогийн сайд С.Баярцогтод албаа өгч байсан Ч.Улаан сайд тодрох магадлал өндөр байна.
Тэрбээр ч энэ байдлыг мэдэрч, хэвлэлээр “Би өнөөдөр ажлаа хүлээж авахад бэлэн байна. Өнгөрсөн хугацаанд Сангийн яамтай холбоотой бүх мэдээллийг авч байсан тул надад ажил энэ тэртэйгээ танилцаж цаг алдах энэ тэр шаардлага байхгүй” хэмээн нэг талаар эрээ цээргүй гэмээр ч юм шиг нөгөө талдаа ажлаа мэддэг хүн гэдгээ харуулсан яарсан мэдэгдлийг хийж харагдсан.
Мэдээж түүнтэй энэ суудалд өрсөлдөж буй хүн бол Сангийн яаманд олон жил ажилласан туршлагтай гэгддэг Ц.Даваасүрэн гишүүн. Түүнийг уг суудал руу түлхэж буй олон хүн бий хэмээн эх сурвалжууд дурьдаж байлаа. Энэ суудалд мэдээж мөн зүй ёсоор Монголбанкны гэх тодотголтой О.Чулуунбатын нэр дурьдагдаж байгаа. Энэ мэтчилэнгээр задарч амжаагүй байгаа Засгийн газрын ирээдүйн гишүүдийн нэрс тодорсоор байна.
Тэдгээрийн дотор УИХ-ын гишүүн Д.Очирбат, Ш.Сайхансамбуу, Ц.Дашдорж, Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Ц.Цолмон, Урбайнекийн Б.Лхагважав гэх мэт хүмүүсийн нэр магадлал өндөртэй хүмүүсийн тоонд орж байгаа. Эдгээрийн нэрсийг Засгийн газарт оруулах мандатыг атгаад байгаа хүмүүс чухам хэнийг оруулж ирэх нь олны анхаарлын төвд байсаар байна. Зургаахан сарын хугацаатай Засгийн газрын гишүүний энэ суудлыг зарим хүмүүс зүгээр л дөрвөн жилийн эрх өвөртлөх боломжтой УИХ-ын гишүүний суудлаас татаж, гомдол тээлгэхгүй үлдээх гэж буй бурам багатай чихэр гэж байгаа бол нөгөө хэсэг нь хугацаа нь бага хэдий ч урьд өмнө хэзээ ч харж, үзэж барьж, сонсож байгаагүй их мөнгийг эргэлдүүлэх, асар том эрдэнэсийн сан дээр суух алтан боломж хэмээн үзэж, шүлэнгэтэн дайрч байгаа. Эдгээр хүмүүсийн нэрсээс С.Баяр хэнийг оруулж ирэх нь олон нийтийн дунд хамгийн сонирхолтой таавар болж байгаа. Өнгөн хэсэгтээ улс төрөөс улам бүр алслан холдож байгаа мэт харагдах түүний алсын удирдлага энэ удаад хэн рүү чиглэх бол.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ