Б.Мэргэн: Цагдан хорих хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгтэй

img

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг тэргүүтэй улс төрчийг гэмт хэрэгт холбогдуулан цагдан хориод байна. Тэднийг цагдан хорьж шалгах нь зөв, буруу гэдэгт иргэд байр сууриа илэрхийлсээр байгаа. Иймд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийг ямар тохиолдолд цагдан хорьж шалгадаг, үндэслэл нь юу байдаг зэрэг цагдан хорихтой холбоотой ерөнхий мэдээлэл хүргэхийг зорьж, хуульч Б.Мэргэнтэй уулзаж, ярилцлаа.  Тэрээр “Цагдан хорих арга хэмжээ болон түүнээс үүдэх хохирлын тухай” бодлогын судалгааны багийг удирдан ажилласан нь түүнтэй ярилцах шалтгаан болсон юм.

 

 

-Улстөрчид нэг дор олноороо цагдан хоригдсон явдал сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байна. Юуны өмнө цагдан хорих арга хэмжээний талаар  тодорхой ойлголт өгөх нь зөв болов уу?

 

-Гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлж, үйлдсэн этгээдэд зохих ялыг нь оногдуулах, ял завшуулахгүй байх, улмаар хохирогчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог. Үүний эсрэг гэмт хэрэгт холбогдсон этгээд оргон зайлахыг завдах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, зарим тохиолдолд шалгагдах явцдаа өөр гэмт хэрэг үйлдэж бусдад дахин хохирол учруулж болзошгүй байдал үүсгэдэг зэргээс шалтгаалж мөрдөгч, прокурор, шүүгчийн зүгээс хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийн нэгийг авдаг л даа. Товчхондоо таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг нь хэргийг шийдтэл түр хугацаанд тухайн хүний зарим эрхийг хязгаарлах, эсвэл эрх бүхий албан тушаалтан дуудсан цагт очих, зугтахгүй байх зэргээр хэргийг шийдэх ажиллагаанд саад болохгүй тухай баталгаа гаргуулах явдал юм. Тухайлбал, бичгээр амлалт өгч гарын үсэг зурах, хэрвээ зөрчил гаргавал буцааж авахгүй улсын орлого болгох болзолтой мөнгөн хэлбэрээр барьцаа байршуулах, хилээр эсвэл тодорхой газар нутгаас гарахгүй, хүнтэй уулзахгүй байх хязгаарлалт тогтоолгох, ажил хийх, бизнес эрхлэхийг хориглох гэх мэт олон төрлийн албадлагын арга хэмжээг авч болно. Цагдан хорих нь хамгийн хүнд хэлбэрийн таслан сэргийлэх арга хэмжээ гэж үздэг. Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенциор хүний халдашгүй чөлөөтэй байх туйлын эрхийг баталгаажуулаад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд л хорих ялаар шийтгэхээр заасан байдаг. Гэтэл гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, зүгээр л хэрэг үйлдсэн эсэхийг нь шалгаж байх үед цагдан хорих явдлыг хүний эрх чөлөөг хязгаарлаж байгаа хамгийн хүнд хэлбэр гэж үзэхээс аргагүй. Үндсэндээ дэглэм нь бага зэрэг хөнгөн л болохоос шоронд хоригдож байна л гэсэн үг шүү дээ. Тийм ч учраас хүний салшгүй эрхийг хөндөж, нийгмээс тусгаарлан хорьж мөрдөхдөө сэжиг таамаг төдий зүйлд биш өмгөөлөгч прокурорын хоорондын мэтгэлцээн, хангалттай баримт зэрэгт үндэслэж, хуульд заасан бусад таслан сэргийлэх арга хэмжээг авах ямар ч боломжгүй болохыг тогтоосны дараа эцсийн хэрэгсэл болгож ашиглах ёстой гэж үздэг юм. Бусад арга хэмжээг мөрдөгч, прокурор өөрийн шийдвэрээр хэрэгжүүлж болдог бол цагдан хорихыг зөвхөн шүүх л шийддэг. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс улс орнуудад хууль тогтоомж батлахдаа эдгээрийг анхаарч үзэхийг байнга л зөвлөдөг.

 

-Манай Улсын хуулиар  ямар үндэслэлээр цагдан хорьдог вэ?

 

-Ихэнх улсын хууль тогтоомжид заасан байдаг хэд хэдэн нийтлэг үндэслэл байна л даа. Хэргийг шалгах явцад оргон зайлах гэж оролдсон, эсвэл оргон зайлсан, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэлтэй баримт байгаа, өөр таслан сэргийлэх арга хэмжээ буюу тухайлбал, барьцаа авсны дараа мөрдөгч дуудахад очихгүй байх зэргээр хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан бол цагдан хорих арга хэмжээгээр солих гэх мэт. Манай улсын хувьд 2017 оноос шинэ хууль хэрэгжиж эхлэх хүртэл цагдан хорих арга хэмжээг авах тухай хуульд заасан үндэслэл нь хүний эрхийг зөрчиж байна гэж нэлээд шүүмжлүүлдэг байсан. Удаа дараа гэмт хэрэг үйлдсэн байвал шууд л цагдан хорьж байгаа нь нэг гэмт хэрэгт нэг л шийтгэл оногдуулна гэсэн зарчмыг зөрчиж, өмнөх гэмт хэрэгт нь дахин хариуцлага хүлээлгээд байснаас гадна ихэнх тохиолдолд хуульд тодорхой заагаагүй хэрнээ “оргон зайлж болзошгүй” гэсэн хэт субъектив хандлагаар цагдан хорьдог байсан юм. Энэ мэт алдаагаа шинэ хуулиар засаж өмнө нь дурдсан олон улсын жишигт нэлээд ойртуулсан. Тийм ч учраас нэг жилд цагдан хорих арга хэмжээ авсан тоо тодорхой хэмжээгээр багассан гэсэн үзүүлэлт гарсан байна лээ. 2013-2016 оны хооронд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 11,000 орчим хүн холбогдсон хэрэг шийдвэрлэхдээ 3,550 хүн буюу 32 хувийг нь цагдан хорьсон бол 2017 онд нийт 14,079 хүний 19,6 хувийг нь цагдан хорьсон байсан. Гэхдээ л миний хувьд хууль тогтоомжийн хувьд ч тэр, шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа хандлага талаасаа ч анхаарах зүйл байсаар байна гэж үздэг.

 

-Тухайлбал юун дээр анхаарвал зүйтэй гэж үзэж байна вэ? Шинэ хууль батлагдсанаар цагдан хорих шийдвэр гаргасан тоо хоёр дахин буурсан нь хангалттай үзүүлэлт биш үү?

 

-Цагдан хорих нь хүний үндсэн эрхийг зөрчдөг учраас аль болох хэрэглэхээс зайлсхийж, бусад арга хэмжээг авах боломжгүй гарцаагүй тохиолдолд хэрэгжүүлэх ёстой гэдгийг өмнө нь хэлсэн. Гэтэл манай шүүхүүдийн хувьд цагдан хорих шийдвэр гаргах нь багасч байгаа нь сайшаалтай ч гэлээ хамгийн түгээмэл хэрэглэдэг таслан сэргийлэх арга хэмжээ нь цагдан хорих хэвээр байсаар байна. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд аль болох хэрэглэх ёстой бусад таслан сэргийлэх арга хэмжээг бага авч байна гэсэн үг. Үүнийг би ч мундагтаа хэлээд байгаа юм биш л дээ. Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссоос гаргадаг “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг хуульчилсан. Гэтэл тэдгээр таслан сэргийлэх арга хэмжээг авах боломжтой байхад заавал цагдан хорихийг урьтал болгож байна” гэсэн бол НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос манай улсын тайлан илтгэлийг хэлэлцээд гаргасан зөвлөмждөө “Цагдан хорих арга хэмжээг эцсийн шатанд авах ёстой байтал нэн түрүүнд авах гээд байдаг нь Хорооны анхаарлыг татаж байна” гэсэн байсан.

 

Цагдан хорих асуудлыг шийдвэрлэж байгаа процесс ажиллагаанд ч шүүмжлэлтэй хандах зүйл байсаар байна. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хориход шүүхээс анхаарах зарим асуудал”-ын тухай Улсын дээд шүүхийн 2002 оны тогтоолд “Шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа туйлын нягт нямбай хандаж байвал зохино” гэж заасан байдаг. Практик дээр шүүгч асуудлыг шийдвэрлэхдээ нягт нямбай хандаж байна уу гэхээр учир дутагдалтай байгаа юм. Жишээ нь, дурдсан УДШ-ийн тогтоолд “Шүүгч цагдан хорих хугацааг сунгаж, яллагдагчийг хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай эсэхийг тогтоохдоо хэргийн материалтай танилцахаас гадна урьд хоригдсон хугацаанд чухам ямар ажиллагаа хийснийг тооцоолж үздэг байх нь зүйтэй” гэж заасан. Гэтэл яллагдагчийг хэдэн сар цагдан хорьчихоод нэг ч удаа мэдүүлэг аваагүй, өөр ямар ажиллагаа хийгдсэн нь тодорхойгүй байхад л цагдан хорих хугацааг сунгасаар л байдаг нийтлэг үзэгдэл байна. Үүнээс болоод цагдан хорих нь прокурор, шүүгчийн үзэмжийн асуудал болсны зэрэгцээ эрүүдэн шүүхийн нэг хэлбэр болж байна гэсэн шүүмжлэл ч гарсаар байгаа. Тухайлбал, НҮБ-ын Эрүүдэн шүүлтийн асуудлаарх Тусгай илтгэгч манай улсын нөхцөл байдлын талаарх илтгэлдээ “Мөрдөн байцаалтын шатанд хөндлөнгийн хяналт сул байгаагаас эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад харгис, хэрцгий, хүнлэг бусаар харьцах, айлган сүрдүүлэх, доромжлох, төрөл бүрээр дарамтлах, удаан хугацаагаар хорьж залхаах зэргээр эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэх явдал байна” гэж дурдсан байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл олны анхааралд байгаа улс төрчдийг цагдан хорьсон асуудал дээр ч шүүмжлээд байгаа асуудал бодитоор харагдаад байна уу гэж анзаарагдахаар байна шүү дээ.

 

-Та Ерөнхий сайд асан болоод бусад улстөрчид хоригдсон асуудлыг юу гэж дүгнэж байна вэ?

 

-Мэдээж тэр хүмүүсийг гэм буруутай эсэхийг би дүгнэхгүй. Тэр талаар мэдэх ч үгүй. Гэхдээ сүүлийн үед цагдан хорих асуудлаарх судалгааны багийг ахлан ажилласны хувьд яг энэ хэсэгт бол анхаарал хандуулж байгаа. Өмгөөлөгчийнхөө хувиар улс төрд хамааралгүй энгийн үйлчлүүлэгчдийнхээ цагдан хорионы хуралдаанд оролцож, нөхцөл байдлыг дунд нь хутгалддаг болохоор онол, практик аль аль талаас нь харж, мэдэрч байна гэж болно.

 

С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан, С.Баярцогт гээд хүмүүс хоригдоод 1.5-2 сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэтэл нэг ч удаа мэдүүлэг авахгүй байгаа талаар өмгөөлөгчид нь хэлсэн байдаг. Нөгөө яриад байгаа хүссэн мэдээллээ авахын тулд хорьж залхаан цээрлүүлээд байгаа юм биш биз гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. Хэрэв тийм бол энэ чинь нэг төрлийн эрүү шүүлт л дээ. Хүнийг биеийг эсвэл сэтгэлийг зовоох аль аль нь л эрүү шүүлтийн хэлбэрт тооцогддог.

 

Нөгөөтэйгүүр, “гэмд хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт байгаа” гэсэн үндэслээр цагдан хорьж байгаа юм билээ. Тэгвэл өмнө нь үйлдсэн гэмт хэрэг нь юу юм бэ?, шүүхээс гэм буруутайг нь тогтоосон шийдвэр байгаа юм уу? гэдэг асуудал хөндөгдөнө. Уг нь бол гэмт хэрэг үйлдэж байхдаа баригдсан, тухайн үйлдэл нь дуусаагүй, цааш үргэлжлүүлэх магадлалтай хүнийг цагдан хориход л дахин гэмт хэрэг үйлдэх тухай үндэслэлээр цагдан хорино гэж хуулийг тайлбарлан хэрэглэх нь зохимжтой гэж хардаг юм. За тэгээд тийм үндэслэл байгаа юм бол тэр нь юу юм бэ гэж тодруулаад няцааж мэтгэлцэх гэхээр “гүйцэтгэх ажлын нууц учраас өмгөөлөгчид харуулахгүй” гэчихдэг. Цагдан хорих асуудлыг дан ганц мөрдөн байцаагч, прокурорын саналыг үнэлэх бус өмгөөлөх талын нотлох баримт, тайлбар зэргийг заавал сонсож, мэтгэлцэх зарчмыг хангах ёстой. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд өмнөх хуульд “Өмгөөлөгч хүсэлт гаргасан тохиолдолд л хуралдаанд оролцуулна” гэсэн байсныг “яллагдагчийн өмгөөлөгчийг заавал оролцуулна” гэж өөрчилсөн нь дэвшилттэй алхам болсон. Гэтэл яг хэрэгжих болохоор “гүйцэтгэх ажлын нууц” гээд мэтгэлцэх боломжийг нь хааж байгаад дан ганц прокурорын саналаар шийдвэрлэчихэж байгаа юм.

 

Энэ тохиолдолд өмгөөлөгч таамаглаж ярина гэж байхгүй болохоор аргаа бараад эрүүл мэндийн шалтгаан зэрэг цөөхөн зүйлээ л дахин дахин ярихад хүрнэ. Улс төрийн шалтгаантай болоод ч уу тэр нь барагтаа нөлөөлдөггүй. Уг нь бол яллагдагчийн хувийн байдал, ажил төрөл, нас, эрүүл мэнд, гэр бүлийн байдалд өөрчлөлт гарах нь тухайн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу хүчингүй болгоход ихээхэн нөлөө үзүүлдэг. Жишээ нь, ял шийтгэл эдэлж байгаагүй этгээд цагдан хоригдож байхдаа хүндээр өвчилсөн байвал хичнээн хүнд хэрэгт сэжиглэж байсан ч гэлээ цагдан хорих арга хэмжээг өөрчилдөг нь хаана ч тогтсон жишиг л дээ. Нэгэнт тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдоогүй, зөвхөн сэжиглэгдэн шалгагдаж байгаа учраас Үндсэн хуульд заасан амьд явах үндсэн эрхийг нь нэн тэргүүнд хангах нь зайлшгүй чухал баймаар юм.

 

Эцэст нь хэлэхэд, 2017 оноос хэрэгжиж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дэвшилттэй зүйл олон байгаа. Жишээ нь, өмнөх хуульд “оргон зайлж болзошгүй” гэсэн субъектив байдлаар хэрэглэж болох, хуульд нарийвчлан заагаагүй байсан үндэслэлээр цагдан хорих нь элбэг байсан бол шинэ хуульд “оргон зайлсан, эсхүл оргон зайлахыг завдсан” гэж илүү тодорхой байдлаар тусгаснаар ийм үндэслэлээр цагдан хорих нь багассан гэх мэт. Гэхдээ л цагдан хорихтой холбоотой хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох тал дээр анхаарах зүйл байсаар л байна гэсэн санаагаа л хэлэх гээд байна л даа.

 

Ярилцсанд баярлалаа.
 

О.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ