
Орон нутгийн цагаар өчигдөр орой Австрийн Иннсбрук хотноо залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам нээлтээ хийлээ. Энэ наадамд 70 орны 1059 тамирчин спортын долоон төрөлд 63 багц медалийн төлөө хүч үзнэ.
Манай улсаас цанын төрлөөр Төв аймгийн тамирчин Д.Өсөхбаяр, тэшүүрийн төрлөөр Улаанбаатар хотын 1-р сургуулийн тамирчин А.Энх-Ариун нар оролцох юм. Өчигдөр нээлтийн ажиллагаанд Монголын багийн тугчаар Д.Өсөхбаяр хүү ажиллалаа.
Төв аймгийн Борнуур сумын харьяат Д.Өсөхбаяр нь спортын дэд мастер цолтой, сумынхаа сургуулийн 11-р ангид сурдаг, тав дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа юм. Түүний багш спортын мастер Д.Ичинхорлоо тус сумын сургуулийн биеийн тамирын багш бөгөөд аймгийн цанын шигшээ багийн дасгалжуулагчийн албыг давхар хашдаг билээ. 2010 оны улсын хошой аварга тэрбээр олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн жил Эстонид болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авчээ.
15 настай А.Энх-Ариун нь нийслэлийн арван жилийн нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч. Гавьяат тамирчин Л.Цэнд, Г.Болд, Д.Энхбаяр нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Канад, Герман, Норвегид болсон цуврал тэмцээнд хурд сорьсоор Австри улс руу зорих эрхийн бичгээ өвөртөлжээ.
Орон нутгийн цагаар өнөөдөр 10,30 цагаас А.Энх-Ариун 500 метрийн зайд уралдана.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ