Санкт-Петербургт халдаж, 15 хүнийг хөнөөсөн халдлагын ЗАХИАЛАГЧ илэрчээ

ОХУ-ын Санкт-Петербург хотын метроны буудалд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэгэн этгээд амиа золиослосон билээ.
Энэхүү аймшигт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 112 хүн шархадсан юм.
Узбек үндэстэн Акбаржон Жалилов гэгч Сенная Площадь болон Технологический Институт буудлын хооронд зорчиж байсан метронд амиа егүүтгэжээ.
Өнөөг хүртэл ОХУ-ын эрх баригчид болон албаныхан дээрх халдлагыг захиалсан бүлэглэл, этгээдийг эрэн сурвалжиж буй юм.
Тэгвэл халдлагын ард алан хядах “Жамаат ат-Таухид валь-жихад” бүлэглэл байгааг тогтоожээ. Уг бүлэглэлийн үйл ажиллагааг ОХУ-д хориглодог юм. Халдлагаас хэдэн өдрийн дараа цагдаагийнхан 10 гаруй сэжигтэй этгээдийг баривчилсан бөгөөд шалгалтаар тэднийг алан хядах Исламын улс бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон аж.
Исламын улс бүлэглэл ч мөн “Санкт-Петербург хотноо халдсан” хэмээн цахим хуудастаа мэдэгдээд байсан юм.
“Жамаат ат-Таухид валь-жихад” бүлэглэл 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Сири болон Пакистанд эрхээ тогтоохыг санаархаж, алан хядах үйл ажиллагаа байнга зохион байгуулагдаг гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ