
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баасан гарагийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн байнгын хороонд шилжүүллээ.
Хэлэлцүүлгийн шатанд Х.Жекей, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр нар гишүүд хуулийн төслийн зарчмын хувьд дэмжиж буйгаа хэлсэн. Гэхдээ багш нарын нийгмийн асуудалд анхаарах, алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг барих, багш нарыг тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгох, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэхэд төр анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байлаа. Мөн гишүүдээс өргөн барьсан хуулийн төсөл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй агуулгын хувьд ижил төстэй, зарим заалт давхцаж байгаа тул Ажлын хэсэг байгуулан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн санал гаргав. Харин Ж.Батсуурь гишүүн улс орны хөгжил дэвшилтэй холбоотойгоор ямар салбарт мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа тооцоо судалгаа байхгүй байна гэсэн бол З.Энхболд гишүүн саяхан батлагдсан Сонгуулийн тухай хуулиар 2012 оны 1 сарын 1-нээс эхлэн иргэдэд өгөх мөнгийг хориглосон. Тэгэхээр одоо яригдаж байгаа 36 сарын тэтгэмж болоод түүнчлэн эх, хүүхдэд мөнгөн тэтгэмж зэрэг нь бүгд хуулиараа хориотой болж байгаа юм. Хэрвээ мөнгө олгохтой холбоотой асуудлыг батлаад явбал нам сонгуульд орох боломжгүй болно. Иймд хүмүүсийн гарт очих урамшуулал, тэтгэмж зэрэг мөнгөтэй холбоотой асуудлыг батлах боломжгүй байгааг бүлгүүд анхаараачээ гэж хэлмээр байна гэлээ. Их хурлын ажил нам, улс төрийн ажлыг хооронд нь ялгаж салгаж үзэх нь чухал гэдгийг энэ үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд анхааруулаад авсан. Түүнчлэн Д.Ганхуяг гишүүн, 2012 оны төсөвт тусгагдсан асуудлыг урагшлуулж цалин, тэтгэврийг нэмж өгөөч гэсэн асуудлыг л ярьж байгаа. Харин 2013 оны асуудлыг яриагүй. 2013 онд яригдахмөнгөн тэтгэмжийн асуудал шинээр бүрэлдэн бий болсон Засгийн газрын шийдэх асуудал.Цалин, тэтгэвэр бол иргэдийн амьдралд маш чухал. Иймд санал худалдаж авах чанартай мөнгө амалсан амлалтыг тусад нь авч үзэх ёстой гэдгийг хэлэв. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн 52,5 хувь нь дэмжлээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг гишүүдийн олонхи дэмжив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ